sonin.mn
СӨҮЛ. /Yonhap/. БНСУ болон Монголын талууд хөлбөмбөгийг хөгжүүлэх хөтөлбөр хэрэгжүүлж, спортын энэ төрлөөр хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохиролцлоо гэж БНСУ-ын Хөлбөмбөгийн холбоо мэдэгдэв.
 
БНСУ-ын Хөлбөмбөгийн холбооны тэргүүн Чун Монг-Гуй Монголын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон Монголын Хөлбөмбөгийн холбооны тэргүүн А.Ганбаатар нартай Сөүл хотноо уулзаж, хоёр орны хөлбөмбөгийн спортын хамтын ажиллагааны талаар хэлэлцжээ.
 
“Би хөлбөмбөгт дуртай. Одоохондоо Монголын хөлбөмбөгийн хөгжил эхлэл шатандаа байгаа хэдий ч манай улс хэзээ нэгэн цагт БНСУ-ын адил Азид хүчирхэг өрсөлдөгч болно гэдэгт найдаж байна. Мөн монгол тамирчид Европт тоглож байхыг  харахыг би хүсдэг” гэж Ц.Элбэгдорж ярьж байна.
 
Хариуд нь Азийн Хөлбөмбөгийн холбооны Гүйцэтгэх хорооны гишүүн Чун Монг-Гуй хэлэхдээ “БНСУ-ын Хөлбөмбөгийн холбоо Монголд хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэхэд туслахад бэлэн байна. Энэ спортын төрөлд Монгол Улсад ихээхэн нөөц бололцоо байгаа бөгөөд миний бодлоор хөлбөмбөгийн хөгжил нь хүүхэд залуусыг хөгжүүлэх үндэс суурь юм. Цаашид Монголын Хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчтэй хамтран ажиллаж, солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх бодолтой байна” гэлээ.
 
БНСУ 2002 онд хөлбөмбөгийн ДАШТ-ний хагас шигшээд шалгарсан бөгөөд одоогийн байдлаар  дэлхийд чансаагаараа 54 дүгээрт ордог бол Монгол 203 дугаарт бичигддэг байна.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг