sonin.mn
Хүн төрөлхтөний спортын эв нэгдлийн хамгийн том баяр “Рио-2016” зуны 31 дүгээр олимпийн наадам Бразил улсын Рио де Жанейро хотноо эхлэхэд 2 сар 5 хоногийн хугацаа үлдээд байна.
 
Монголын баг тамирчдаас 2015 оны 4 дүгээр сард буудлага спортын "Дэлхийн цом"-ын 25 метрийн спорт гар бууны төрөлд Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа түрүүлж Рио-г зорих анхны эрхийг авч байснаас хойш 34 тамирчин олимпийн эрхээ өвөртлөөд байгаа юм.
 
     
 
Монголын жүдочдоос эрэгтэй 60, 66, 73, 81 кг, эмэгтэй 52 кг-д тус бүр хоёроос дээш жүдоч олимпийн эрхийн оноо хангасан. Ялангуяа эрэгтэйчүүдийн 60 кг-д хэнийг явуулах нь бөх сонирхогчдын анхаарлын төвд байсан. Энэ жинд Дэлхийн залуучуудын АШТ-ий хошой мөнгөн медальт, 2016 оны АТАШТ-ий хүрэл медальт Ц.Цогтбаатарт итгэл хүлээлгэхээр шийджээ.
 
Ц.Цогтбаатарын хувьд 20 настай бөгөөд дэлхийн аварга Г.Болдбаатар, дэлхийн аваргын мөнгөн медальт Д.Амартүвшин нарын гавьяатуудыг үлдээж Риогийн татамид зодоглохоор болов. Харин 73 кг-д олимп, дэлхийн хүрэл медальт С.Ням-Очир гавьяатыг үлдээж ОУХМ Г.Одбаярт эрх олгосон. Харин 66 кг-д ОУХМ Д.Төмөрхүлэг, 81 кг-д ОУХМ О.Ууганбаатар нар олимпийн наадамд хүч үзэх бол эмэгтэйчүүдийн 52 кг-д А.Цолмонг сонгосон. Харин эрэгтэйчүүдийн 90 кг-д Л.Отгонбаатар, 100 кг-д Б.Тэмүүлэн, эмэгтэйчүүдийн 48 кг-д М.Уранцэцэг, эмэгтэйчүүдийн 57 кг-д Д.Сумъяа, 63 кг-д Ц.Мөнхзаяа, 70 кг-д Ц.Наранжаргал нар Рио-д эх орноо төлөөлөн хүч үзнэ.
 
Монгол Улс одоогийн байдлаар жүдо бөхийн спортоор 12 эрхтэй байгаа ч 6 дугаар сард ОУЖБХ-ноос олимпийн эрх авсан тамирчдыг албан ёсоор зарлана. Чөлөөт бөхийн спортоор 9, боксын спорт болон хөнгөн атлетик буюу марафон гүйлтээр тус бүр 4 эрх аваад байна. Гэхдээ боксчдын хувьд 6 дугаар сард эрх олгох нэг тэмцээн бий. Буудлагын спортоор 3, таеквондо, хүндийг өргөлт, байт харвааны спортоор тус бүр нэг, нийтдээ 35 тамирчин Рио-г зорих нь тодорхой болсон. Мөн усан спортын төрлөөр цагаан хуудсаар хоёр эрх авдаг уламжлал бий.
 
Ийнхүү Монгол Улс “Рио де Жанейро 2016” зуны 31 дүгээр олимпийн наадамд өмнө нь байгаагүй олон тамирчны бүрэлдэхүүнтэй оролцох боломж бүрдээд байна. Өмнө нь “Бээжин-2008”-д 28, “Лондон-2012” олимпийн наадамд түүхэндээ хамгийн олон буюу 29 тамирчнаа оролцуулж байсан юм. Зуны 31 дүгээр олимпийн их наадам Рио де Жанейро хотноо 2016 наймдугаар сарын 5-21-нд болно.
 
          
 
Уншигч та бүхэнд “Рио-2016”-гийн эрх аваад буй тамирчдаа танилцуулж байна. Манай боксчид өнгөрсөн жилийн ДАШТ-ээс ганзага хоосон ирсэн ч олимпийн эрх олгох Ази номхон далайн орнуудын бүсийн тэмцээнээс олимпийн 4 эрх авч чадсан. Тухайлбал, эрэгтэйчүүдийн 49 кг-д Г.Ган-Эрдэнэ, 60 кг-д Д.Отгондалай, 64 кг-д Б.Чинзориг, 69 кг-д Б.Түвшинбат нар Риог зорих эрхтэй болсон. Манай эрэгтэй боксчид ирэх сард болох Азербайжаны нийслэл Баку хотноо болох олон улсын тэмцээнээс 52, 56 кг-д эрх авах зорилготой байгаа. Харин эмэгтэй боксчид Казахстанд болсон ДАШТ-ээс олимпийн эрх авч чадаагүй юм.
 
Чөлөөт бөхийн баг тамирчдаас эрэгтэйчүүдийн 57 кг-д Э.Бэхбаяр, 65 кг-д Г.Мандахнаран, 74 кг-д П.Өнөрбат, 86 кг-д О.Үйтүмэн, 97 кг-д Д.Хүдэрбулга, 125 кг-д Ж.Чулуунбат, эмэгтэйчүүдийн, 58 кг-д П.Орхон, 63 кг-д С.Батцэцэг, 69 кг-д О.Насанбурмаа нарын есөн бөх олимпийн эрхээ авсан юм. /Харин энэ сард эмэгтэйчүүдийн 53 кг-д Э.Сумъяа сэргээш хэрэглэсэн гэж олимпийн наадамд оролцох эрхээ хураалгасан нь харамсалтай./
 
   
 
 
“Рио-2016” олимпийн наадамд буудлага спортын төрлөөр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, олимпийн мөнгөн медальт О.Гүндэгмаа, ОУХМ Ц.Мөнхзул, ОУХМ Г.Нандинзаяа нар цэц мэргэнээ сорих эрхээ өвөртлөөд байгаа юм. Одоо энэ төрөлд “Рио-2016” олимпийн эрх олгох тэмцээн байхгүй. Хөнгөн атлетикийн төрлөөр гавьяат тамирчин Б.Сэр-Од тэргүүтэй ОУХМ Д.Гантулга, Л.Отгонбаяр, Б.Мөнхзаяа нарын дөрвөн марафонч Рио-г зорих эрхээ аваад байна. Саяхан марафонч Г.Хишигсайхан олимпийн эрхийн норматив хангаад байгаа ч эрхээ аваагүй байгаа. Энэ төрөлд эрэгтэй, эмэгтэй тус бүр нэг тамирчин эрх авбал манай марафончид “Рио-2016”-д бүтэн багаараа оролцох юм.
 
Байт харвааны спортоор ОУХМ Ж.Гантөгс олимпийн эрхээ авсан. Энэ төрөлд олимпийн эрх нэмж авах боломж бий. Хүндийн өргөлтийн спортоор эмэгтэйчүүдийн ОУХМ М.Анхцэцэг Рио-г зорих олимпийн эрхээ авсан юм. Таеквондогийн спортын төрлөөр Монголын баг тамирчдаас түүхэндээ анх удаагаа ОУХМ П.Тэмүүжин “Рио 2016" олимпийн наадамд оролцох эрх авч чадсан.
 
Ийнхүү Монгол Улсын баг тамирчид бокс, жүдо, чөлөөт бөх, буудлага, хөнгөн атлетик/марафон/, байт харваа, таеквондо, хүндийн өргөлт гэсэн найман төрлөөр “Рио-2016” олимпийн наадамд оролцох бөгөөд усан спорт, дугуй зэрэг спортын төрлүүд нэмэх магадлал байгаа юм.
Зуны 31 дүгээр олимпийн наадмын дараа Рио де Жанейро хотноо есдүгээр сарын 7-18-нд паралимпийн 14 дүгээр наадам болох бөгөөд манай улсаас эрхээ авсан тамирчдыг танилцуулж байна.
 
Пара байт харвааны спортоор “Бээжин-2008” паралимпийн аварга, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Баатаржав, ОУХМ А.Анхбаяр нар эрхээ авсан бол пара буудлага спортоор спортын мастер З.Ганбаатар (50 метрийн сонгомол гар буу), пара хөнгөн атлетикийн спортоор ОУХМ С.Цогтгэрэл (зээрэгцэг шидэлт), пара жүдо бөхийн спортоор хоёр эрх, пара пауэрлифтингийн спортоор ОУХМ Э.Содномпилжээ нар тус тус эрхээ аваад байна.
 
Д.Өлзий

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг