sonin.mn
Олон улсын хэмжээний мастер Ж.Хаянхярваагийн нэрэмжит Мини волейболын улсын аварга шалгаруулах 20 дахь удаагийн тэмцээнээс Дундговь аймгийн өсвөрийн волейболчид 3 алт, хоёр хүрэл медаль зүүлээ.
 
Эх орны өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн өсвөрийн 1100 гаруй волейболчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн энэ тэмцээн зургадугаар сарын 12-16-ны өдөр Янзага зусланд болсон бөгөөд Дундговиос 80 гаруй өсвөрийн волейболчид оролцсон байна.
 
Тэмцээний бага насны болон ахлах насны охид,  ахлах насны хөвгүүдийн ангилалд ОУХМ М. Гаамаа дасгалжуулагчтай Дундговь аймгийн 1-р баг тус тус алтан медаль, бага насны хөвгүүдийн багаас Дундговийн 1-р баг, ахлах насны охидоос Д.Болор-Эрдэнэ дасгалжуулагчтай Дундговь аймгийн Биеийн тамир, спортын газрын баг тус тус хүрэл медаль зүүлээ.
 
Мини волейболын УАШ тэмцээний 20 жилийг тохиолдуулан 20 тамирчинг “Өсөх ирээдүйтэй тамирчин”-аар шалгаруулсан бөгөөд Дундговь аймгаас БТСГ-ын багийн тоглогч Б.Мөнхчимэг, 1-р багийн тоглогч Э.Анударь, А.Дүгэрсүрэн, О.Мөнхтамир энэ шагналын эзэд болжээ.
 
Мини волейболын тэмцээнийг 12 хүртэлх болон 13-14 насны ангиллаар зохион байгуулдаг бөгөөд энэ насны хүүхдүүдэд зориулсан дүрэмтэй, намхан тор, жижиг талбай, хөнгөхөн бөмбөгөөр тоглодогоороо онцлог юм.
 
Анх хүүхэд багачуудыг волейболын спортод дур сонирхолтой болгох үүднээс зуны амралтаар нь хүүхдийн зусланд тэмцээн зохион байгуулдаг болсноор 1996 онд Мини волейболын УАШ тэмцээн эхэлсэн ажээ.
 
Т. Отгонтуяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг