sonin.mn
Японы Цүкүба хотод энэ сарын 12-нд болсон Ибараки мужийн соробан сампингийн аварга шалгаруулах тэмцээнд “Монгол соробан” төвийн 15 сурагч, 3 багш амжилттай оролцоод эх орондоо ирлээ.
 
Тэмцээнд 18 дугаар сургуулийн 7 настай Ц.Цэцэнбилгүүн тус мужийн бага сургуулиудын хүүхдүүдтэй өрсөлдөн 2 дугаар байр, 97 дугаар сургуулийн сурагч 11 настай Б.Баярбаясгалан 2 дугаар байр, 1 дүгээр сургуулийн сурагч Ө.Хатанзаяа дунд сургуулийн сурагчдын ангилалд оролцон 3 дугаар байр эзэлжээ.
 
Ибараки муж нь 3 сая хүн амтай бөгөөд Цүкүба хот нь эрдэм шинжилгээний байгууллага, хүрээлэнгүүд төвлөрсөн, эрдэмтдийн хот юм. Ибараки мужийн аварга шалгаруулах соробангийн тэмцээн нь Улсын аварга шалгаруулах тэмцээний дараа орох том тэмцээн бөгөөд гадаад хүүхдүүд анх удаа оролцсон нь энэ юм.
 
Япон багш нар монгол хүүхдүүд богино хугацаанд ийм өндөр түвшинд хүрсэнд баяр хүргэн, Японд болдог олимпиад уралдаанд, ялангуяа 8 дугаар сард болдог Бүх Японы соробангийн аварга шалгаруулах тэмцээнд тогтмол оролцохыг зөвлөсөн байна. Түүнчлэн “Монгол хүүхдүүдийг цаашдаа соробангаар тууштай хичээллэх юм бол япон хүүхдүүдтэй эн зэрэгцэх бүрэн боломжтой” гэж үнэлжээ.
 
Монголын соробангийн холбооны тэргүүн Д.Төмөрбаатар, “Монголд соробангийн сургалтыг япон стандартаар явуулах бодлого зөв явагдаж байгааг тэмцээний үр дүнгээс харж баярлаж байлаа. Монгол соробанчдын амжилт жилээс жилд ахиж, япон хүүхдүүдийн түвшинд тун ойртож байна. Японы мэргэжилтэн багш нар “Соробан бол том соёл, хүүхдийг төлөвшүүлдэг чанарыг нь орхигдуулж болохгүй шүү” гэж захиж байсан. Монголын соробангийн холбоо нь Японы соробангийн сургуулиудын холбооны гишүүн байгууллага болж, бид цаашдаа Японд болдог өндөр чансаатай олимпиадад сурагч шавь нараа жилд 2-3 удаа тогтмол оролцуулах төлөвлөгөөтэй байна” хэмээж байв.
 
Олимпиадад оролцсон “Монгол соробан” төвийн сурагч, багш нар Токиогийн Диснейлэнд, амьтны хүрээлэн зэргийг сонирхон үзэж, япон хүн, хүүхдүүдтэй танилцаж нөхөрлөсөн байна.
 
Ж.Болор
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг