sonin.mn
Польш улсын Спала хотод эмэгтэй чөлөөт бөхийн “Poland Open-2016” олон улсын ХХ тэмцээний 60 кг-д П.Орхон түрүүлж, Б.Шоовдор мөнгөн медаль хүртлээ.
 
Энэ жинд таван бөх барилдсан бөгөөд хоорондоо тойргийн журмаар хүч үзсэн юм. ОУХМ П.Орхон нэгдүгээр тойрогт Польшийн бөх Жовита Вржесейнийг 10:0 оноогоор цэвэр хожиж хоёрдугаар тойрогт тэмцээнийг зохион байгуулагч орны бөх Кубату Наталияг цэвэр ялсан. Дараагийн тойрогт мөн л нутгийн бөх Катарзина Мадровскаг 4:2 онооны харьцаагаар ялж яваад цэвэр ялагдсан. Дөрөвдүгээр тойрогт ОУХМ Б.Шоовдорыг 7:0 оноогоор ялж түрүүлжээ.
 
П.Орхон, Б.Шоовдор нарын барилдааны оноо 12:12 харьцаагаар тэнцсэн ч П.Орхон нийт 27 техникийн оноо авч 4 оноо алдаж Б.Шоовдор 26 техникийн оноо авч 7 оноо алдсан байна. Эмэгтэй 60 кг жингийн дүнг танилцуулахад, П.Орхон /”Алдар” спорт хороо, ШУТИС, үндэсний шигшээ баг/, Б.Шоовдор /”Цастын барс” клуб, үндэсний шигшээ баг/, Катарзина Мадровска /Польш/, Кубату Наталия /Польш/ алт, мөнгө, хүрэл медаль тус тус хүртжээ. П.Орхоны хувьд энэ тэмцээнээс 2014 онд мөнгөн медаль хүртсэн бол ийнхүү түрүүллээ.
 
Тэрбээр 2016 он гарсаар Бүх ард түмний спортын наадам, И.Ярыгиний нэрэмжит “Гранпри” тэмцээн, Италийн "Мемориал Маттео Пелликоне" тэмцээн гээд оролцсон тэмцээн бүртээ түрүүллээ. Харин Казахстан улсын Астана хотод болсон олимпийн сонгон шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж “Рио-2016” зорих эрхтэй болсон. 58 кг-д Японоос Каори Ичо аварга очсон тул П.Орхоныг 60 кг-д барилдуулжээ.
 
Энэ тэмцээний 69 кг-д О.Насанбурмаа мөнгөн медаль, Ш.Түмэнцэцэг хүрэл медаль хүртлээ. О.Насанбурмаа нэгдүгээр тойрогт Украины бөх, дэлхийн аварга Алёна Махиняг 10:6 оноогоор ялж мөнгөн медалийн төлөө барилдаанд Казахстаны бөх Эльмира Сыздыковаг 11:4 оноогоор яллаа. Алтан медалийн төлөө Шведийн бөх, дэлхийн аварга Женни Франссонтой барилдах байсан ч манай бөх хөлний гэмтлийн улмаас барилдалгүй мөнгөн медаль авлаа.
 
ОУХМ Ш.Түмэнцэцэг нэгдүгээр тойрогт Египетийн бөх Мостафа Юсеф Енасыг 4:0 оноогоор хожиж мөнгөн медалийн төлөө Шведийн бөх, дэлхийн аварга Женни Франссонтой барилдаж цэвэр ялагдсан. Хүрэл медалийн төлөө Польшийн бөх Агнежка Вьежчек Кордустай барилдаж 7:1 онооны харьцаагаар хожжээ. Ийнхүү энэ өдөр дэвжээнд гарсан Монголын дөрвөн бөх бүгд медалийн эзэд болов.
 
Д.Өлзий
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг