sonin.mn
Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд энэ жил 1024 бөх зодоглоно.
 
Улсын наадам хоног хоногоор ойртсоор байгаа энэ өдрүүдэд бөхчүүд нутаг нутгийнхаа болон байгууллага, спорт клубээрээ нэгдэн наадмын бэлтгэлээ базаахаар уламжлал ёсоор гал болж гарсаар байна. Тэдний ихэнх нь хуучин гардаг газрууддаа гарсан сурагтай.
 
Тодруулбал, Харзтайн амралтанд Увс аймгийн Увс нуур дэвжээнийхэн болон Баян-Өлгий аймгийн Бес богда бүргэд дэвжээнийхэн айлссан бөгөөд Сэлэнгэ аймгийн Таван-Хан дэвжээнийхэн мөн энд гарах сурагтай.
 
Говь-Алтай аймгийн Хантайшир дэвжээнийхэн сүүлийн жилүүдэд тогтмол гарч буй Цонжин болдогийн ойролцоо Гео-Мандал амралтын баазад гараад байна.
 
Харин Өвөрхангай аймгийн Их Монголын хүчтэн дэвжээнийхэн Түргэний гол буюу Бугын САА-даа уламжлалын дагуу төвхнөжээ. Энд Хилчин спорт хорооныхон жил бүр гардаг уламжлалтай.
 
Булган аймгийн Булганхангайн хүчтэнүүд Дуган хад амралтын газарт гал болж бэлтгэлээ базааж байна. Харин Архангай аймгийн "Бөхбилэгт" дэвжээнийхэн энэ жил Дуган хад-д шинээр бэлтэлд гарчээ.
 
Сүхбаатар аймгийн Жавхлант дэвжээхэн Төв аймгийн нутагт байрлах "Хайрын бэлэг" амралтын газар бэлтгэлээ базаахаар саяхан төвхнөсөн сурагтай.
 
Д.Өлзий
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг