sonin.mn
ЛОЗАННА./NHK/.Зохион байгууллалттайгаар сэргээш хэрэглэсэн гэж үзэн Рио-де-Жанейрогийн Олимпын наадамд Оросын хөнгөн атлетикийн тамирчдыг оролцохыг хориглох тухай шийдвэр гаргасныг Олон Улсын Олимпын Хороо /ОУОХ/ дэмжлээ.
 
ОУОХ Швейцарийн Лозанна хотод спортын байгууллагуудын төлөөлөгчидтэй хэлэлцээ хийсэн байна.
 
Оросын тамирчдыг тив, дэлхийн хэмжээний тэмцээнүүдэд оролцохыг түдгэлзүүлсэн шийдвэрээ Олон улсын Хөнгөн атлетикийн холбоо /ОУХАХ/ өнгөрсөн долоо хоногт хэвээр үлдээн баталсныг төлөөлөгчид санал нэгтэйгээр дэмжжээ.
 
Гадаад орнуудад сэргээшийн шинжилгээнд ороод тэнцсэн Оросын тамирчдыг Риогийн Олимпод оролцохыг зөвшөөрнө гэсэн ОУХАХ-ны шийдвэрийг төлөөлөгчид мөн дэмжсэн аж.
 
Оросын хөнгөн атлетикаас өөр бусад спортын төрлүүдийн тамирчид болон Кенийн тамирчид хэрвээ гадаадад сэргээшийн шинжилгээ өгөөд тэнцсэн тохиолдолд л Риогийн Олимпод оролцож болно гэж төлөөлөгчид зөвшилцсөн байна.
 
ОХУ болон Кени улс сэргээш хэрэглэхээс урьдчилан сэргийлэхийн тулд зохих арга хэмжээ авахгүй байна гэж Дэлхийн сэргээштэй тэмцэх байгууллага /WADA/ мэдэгдэж байсан юм.
 
ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах мэдэгдэхдээ “сэргээш хэрэглэсэн тамирчдад ОУОХ Олимпын наадамд оролцох эрх өгөхгүй. Энэ хориг тэдгээр тамирчны дасгалжуулагч, эмч болон багийн албаны хүмүүст ч мөн хамаатай” гэлээ.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг