sonin.mn
“Монголын чопперчин ахан дүүс мото клуб”-ийн дэд ерөнхийлөгч, шивээсчин Бандгаа буюу М.Бат-Ирээдүйтэй ярилцлаа.
 
-“Талын салхи” мото фестивалийг хоёр дахь жилдээ зохион байгууллаа. Наадам хэр болсон талаар мэдээлэл өгнө үү?
 
-Энэ удаагийн наадамд гадаадаас 4000-5000 км замыг туулж, хүмүүс ирснээрээ онцлогтой. Өнгөрсөн жил Улаан-Үд, Эрхүүгээс зочид ирж байсан юм. Энэ бол бид анхны наадмаа амжилттай зохион байгуулсаны үр дүн. 
 
Монголоос оролцогчдын тоо ч нэмэгдэж, наадам илүү чанаржсан. Наадамд оролцохоор ирсэн хүмүүсийн мотоциклиуд их гоё болсон байна. Үүнтэй холбоотойгоор оролцогчдоо тухтай байлгахын тулд хоёр өдөр Цонжин болдогт наадмаа зохион байгуулсан. Гадаадын оролцогчдоо Монголын бахархал болсон нэг газраар аялуулсандаа бид баяртай байгаа.
 
-Ер нь яагаад энэ наадмыг зохион байгуулах болсон бэ?
 
-Анх “Монголын чопперчин ахан дүүс мото клуб’’-ээс энэ наадмыг санаачлан зохион байгуулсан. Үүнийгээ уламжлал болгон цаашдаа ч зохион байгуулсаар байх болно. Монголд төдийгүй Азидаа тэргүүлэх мотофестивалийг зохион байгуулах нь бидний зорилго.
 
-“Талын салхи” наадмыг зохион байгуулснаар мотоциклиос болж гарах авто ослын тоо буурсан гэсэн мэдээллийг замын цагдаагийн газраас мэдээлж байсан. Танай клуб Замын цагдаагийн газартай хамтран ажилладаг уу?
 
-Бид клубээ 2012 онд байгуулсан. Түүнээс өмнө ганц хоёроороо нийлж, мотоцикль унахаа юун түрүүнд боддог байж. Хамгийн гол нь мотоцикльтой хүн осолд ороход хамгаалалтгүй бол тархи хамгийн түрүүнд гэмтэнэ. Хүн бэртэж гэмтэхэд яс хугараад эдгэнэ. Харин тархины гэмтэл насан туршийн өвчин болж үлдэх аюултай.
 
Тиймээс бид замын цагдаагийн газартай хамтран ажиллаж мотоцикль сонирхогч залуустаа замын хөдөлгөөнд хамгаалалтын малгайтай оролцохыг уриалах болсон. Тэр цагаас хойш мотоцикльчид албан ёсны дугаар, бичиг баримттай, жолооч нь хамгаалах хэрэгсэл болох хамгаалалтын малгай өмсч замын хөдөлгөөнд оролцох болсон, 
 
Мөн Замын цагдаагийн газраас мотоцикльтой холбоотой ослын тoo буурч байгааг бидэнд дуулгасан. Бид хотод замын хөдөлгөөнд оролцохдоо зориулалтын хувцсыг нь өмсөөд хэвшчих юм бол орон нутагт байгаа залууст ч гэсэн үлгэр дуурайл болно гэж бодож байна.
 
-Танай клуб хэдэн гишүүнтэй вэ?
 
-Албан ёсны 70 орчим гишүүнтэй. Идэвхтэй 50 гаруй хүн бий. Манай клубт дэмжигч гишүүдээс гадна хүндэт гишүүн гэж байдаг. Үүнд, рок Р.Мөнхсайхан ах, Замын цагдаагийн газрын төлөөлөл болсон хүмүүс багтдаг. Чопперчдыг рокерууд байдаг гэж хүмүүс боддог. Манай клубт улс төрийн салбарынхан, сэтгүүлч гэх мэт янз бүрийн төлөөлөл байдаг. Чопперыг зөвхөн рокерууд унадаггүй. Бид зөвхөн хүчтэй моторын дуунд л нэгддэг.
 
-Та чоппертойгоо нөхөрлөөд хэр удаж байна вэ?
 
-2012 онд клуб байгуулагдсанаас хойш чоппер унаж байгаа. Түүнээс өмнө аавынхаа мотоциклийг хулгайгаар унаад загнуулаад явж байлаа. Ер нь багын мотоцикльд их сонирхолтой хүүхэд байсан. Мопед хүртэл унаж явлаа шүү дээ. Би ер нь хоббигоо л хөөсөн хүн дээ. Шивээс анх миний хобби байсан бол одоо мэргэжил, ажил болчихлоо.
 
-Чопперын юу нь хүнийг татдаг юм бол?
 
-Унаж үзсэн хүн л мэднэ. Тэр моторын дуу чимээг мэдрээд зам дээр хурдан давхиж үзсэн хүн л мэдрэх боломжтой.
 
-Зарим хүн мэдэхгүй байж магад. Чоппер мотоцикль хоёр юугаараа ялгаатай юм бол?
 
-Мотоцикль дотроо маш олон төрөл байдаг. Тухайлбал, чоппер, крузер, байк, росс гэх мэт. Жишээ нь, чоппер бол өөрсдөө будаж янзлаад, рулийг нь тасдаад янз бүр болгосон мотоциклийг хэлээд байгаа юм. Монголд тэр бүх төрлийг нь оруулж ирээд клуб болон хөгжиж байна. 
 
Энэ жилийн наадамд Дорнод аймгаас “Хөлөгтөн”, Эрдэнэтээс “Омогшил” зэрэг клубийн залуус оролцлоо. Зөвхөн нийслэлд төдийгүй орон нутагт мотоциклийн клубүүд олноор байгуулж байна.
 
-Таныг чопперчноос гадна монголын ноймер нэг шивээсчин гэдэг. Шивээс хэзээнээс хийж байна вэ?
 
-Багын зурах дуртай хүүхэд байсан. 1996-1998 онд Польшид амьдарч байхдаа шивээс сонирхож эхэлсэн юм. Тэр үед шивээсчин болно гэсэн зорилго өөртөө тавьсан. Нутагтаа ирээд Дүрслэх урлагийн дээд сургуулийн монгол зургийн ангид суралцан төгссөн. Ингээд 2002 оноос хойш шивээс хийж байна
 
-Анхны шивээсээ ямар хүнд хийсэн бэ?
 
-Найз нартаа л хийж өгнө шүү дээ. Одоо болтол найз нарын минь биен дээр миний анхны бүтээлүүд байгаа. Би арилгаж өгдөггүй юм. Дурсгалтай байж л байг. Одоо хийж байгаа шивээсийг гүйцэхгүй нь тодорхой.
 
-Өөрийнхөө биенд анх ямар шивээс хийлгэсэн бэ?
 
-Баруун гараа ороосон гинжирхүү зүйл шивүүлж байсан юм. Одоо тэр байхгүй даруулаад өөр шивээс хийлгэсэн.
 
-Хамгийн сүүлд таны сэтгэлд тод үлдсэн ямар утгатай шивээс хийв?
 
-Манай клубийн гишүүн нэг гараараа дүүрэн мотоцикльтой холбоотой гавлын яс, гинж, мотор зэрэг бүхнийг агуулсан шивээс хийлгэсэн. Их гоё шивээс болсон шүү.
 
-Шивээсийг хэр удаан хийдэг вэ?
 
-Жижиг хэмжээнийх бол 2-3 цаг л болно. Том хэмжээний буюу бүтэн гар, нурууны шивээс доод тал нь нэг cap болдог. Хар өнгөөр шивбэл арай хурдан. Өнгөтөөр шивбэл түүнээс хоёр дахин илүү хугацаа ордог.
 
-Шивээсэнд хэрэглэх будаг хамгийн чухал. Та будгаа хаанаас авдаг вэ?
 
-“Intense” гэдэг будгийг сонгодог. Энэ будгийг бол дэлхийн ихэнх оронд хэрэглэдэг хамгийн сайн нь гэж хэлж болно. Олон жил болсон ч өнгө алдахгүй, харшил өгөхгүй зэрэг давуу талтай.
 
-Сүүлийн үед залуус ямар утгатай шивээс хийлгэж байна вэ? 
 
-Манай монгол бичиг их гоё. Биеийн хаана шивэх гэж байгаагаас шалтгаалаад олон янзаар хувиргаж бичиж болно. Монголд байгаа гаднынхан бол манай монгол бичгийг их сонирхож, шивүүлж байгаа. Нэг хэсэг япон ханз моодонд орж монголчууд шивүүлж байсан. Одоо бол монгол бичгийг өөрсдөө төдийгүй гаднынхан сонирхож шивүүлэх болсон байна. 
 
-Шивээс хийхэд тохиромжтой хүн гэж байдаг уу?
 
-Байлгүй яахав. Ерөнхийдөө бол шар, цагаан арьстай хүнд шивээс хийхэд боломжийн байдаг. Гэхдээ хар арьстай хүмүүст шивээс хийхэд бол өнгө нь
хувираад жаахан хүндрэлтэй байдаг.
 
-Одоогоор хичнээн хүнд шивээс хийсэн бэ?
 
-Тоогоо алдсан даа. Бараг 15 жил шивээс хийж байна. 4000-5000 хүн байгаа байх.
 
-Танаас шивээс хийхийг сурсан хүн бий юү?
 
-Над дээр шивээс суръя гээд хүн их ирдэг. Би заадаггүй. Яагаад гэхээр наддээр ирсэн хүмүүс нэг л их хобби байгаа боловч зургийн талаар ямар ч мэдлэггүй байдаг. Хүний биен дээр шивээс хийнэ гэдэг чинь цаасан дээр зураад арилгачихдагтай адилхан зүйл биш. Шивээс хийж сурах хүн зургийн мэдрэмжтэй байх ёстой. Тийм болохоор хүмүүст заах дургүй. Түүнээс биш мэргэжлийн зураач хүн шивээс хийхийг суръя гэвэл татгалзахгүй.
 
Г.Нямсүрэн
Эх сурвалж: "Монголын Үнэн" сонин