sonin.mn
“Рио-2016” олимпийн сүүлчийн эрх олгох боксын тэмцээний жин тус бүрийн шигшээ наймын төлөөх тулаан болж манай хоёр боксчин шигшээ наймд шалгарч үлдлээ.
 
Монголын дөрвөн боксчин шилдэг 16-д үлдэж өчигдөр хариуцлагатай тулаанаа хийсэн бөгөөд Х.Энх-Амар, Э.Цэндбаатар нар шигшээ наймд буюу медалийн төлөө өрсөлдөхөөр боллоо.
 
Тус тэмцээний 52 кг-д Х.Энх-Амар ДАШТ-ий хүрэл медальт Кост Рикагийн боксчинг ялсан бол 56 кг-д ОУИМ Э.Цэндбаатар Туркийн Ибрахим Гокчектэй тоглож 3:0-ээр илт давуу ялж эрхийн төлөө хүч үзэхээр боллоо.
 
Манай боксчинг Туркийн боксчин АIBА-гийн пробоксоор өмнө нь ялж байсан бол энэ удаа түүнээс илүү гэдгээ нотолж чадлаа. Харин С.Эрдэнэбаяр, Н.Шинэбаяр нар тэмцээнээ дуусгаж Рио-2016 олимпийн наадмын зорих эрхээ авч чадсангүй.
 
81 кг-д ОУХМ С.Эрдэнэбаяр 2012 оны Лондонгийн олимпийн наадамд хүч үзэж байсан Энэтхэгийн Сангван Сумиттай тоглож 3:0-ээр ялагдсан. 75 кг-д Н.Шинэбаяр Европын наадмын аварга Ирландын Майкл О`Реллид 3:0-ээр хожигдож тэмцээнээ дуусгасан байна.
 
Д.Өлзий
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг