sonin.mn
Өнөөдөр Олон улсын олимпийн хорооны гишүүн 206 орон “Олимпийн өдөр”-ийг өргөн дэлгэр тэмдэглэж байна. Манай улсын хувьд энэ өдрийг жил бүр тэмдэглэж ирсэн бөгөөд өнөөдөр МҮОХ-ны гадна талбайд олимпизмийн үйл хэрэгт нэгдэж буйн илэрхийлэл болгон “Бөртэ чоно-Таван цагираг” хөшөөг МҮОХ-ны өмнөх талбайд сүндэрлүүлэв.
 
Энэхүү ёслолд ОУОХ-ны хүндэт гишүүн, СГЗ Ш.Магван, МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн, 1968 оны Мехикогийн олимпийн болон ДАШТ-ий хүрэл медальт, Ардын багш, гавьяат тамирчин Д.Сэрээтэр, Монреалын олимпийн мөнгөн медальт, Дэлхийн хошой аварга, Хөдөлмөрийн баатар З.Ойдов, Олимпийн аварга, ДАШТ-ий мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар Э.Бадар-Ууган тэргүүтэй спортын алдартнууд, олимпизмийн зүтгэлтнүүд, тамирчид, дасгалжуулагчид болон спорт, олимпизмийг дэмжигчдийн төлөөлөл ирж оролцлоо.
 
 
Францын нийгмийн нэрт зүтгэлтэн Пьер де Кубертиний санаачилгаар одоогоос 122 жил буюу 1894 оны 6 дугаар сарын 23-ны өдөр олон улсын спортын зүтгэлтнүүд цуглаж эрт цагт дайн байлдаанаа зогсоон байж хурд, хүч, тэвчээр, ур чадвараа сорин уралдан тэмцэлддэг байсан олимпийн наадмыг орчин цагт сэргээн зохион байгуулах шийдвэрийг гаргасан түүхтэй билээ.
 
Орчин үеийн олимпизмийн хөдөлгөөн энэ өдөр үүссэн хэмээн үзэж 1948 оны Лондоны олимпийн жилээс эхлэн жил бүрийн энэ өдрийг Олон улсын олимпийн өдөр болгон тэмдэглэж байна. Олимпийн Харти болон таван цагаригийн дор эвлэлдэн нэгдэж чадсан хүн төрөлхтөн өнгөрсөн хугацаанд энх тайвны бэлгэ тэмдэг болсон олимпийн талбарт шударгаар өрсөлдөж шилдгүүдээ тодруулсаар байгаа бөгөөд тэднийг спорт хэмээх ертөнц нэгтгэдэг юм.
 
Монголчууд олимпийн хөдөлгөөнд нэгдсэнээс хойш анх удаа 44 жилийн дараа 2008 оны Бээжингийн зуны олимпийн наадмаас анхны олимпийн аварга тамирчдаа өлгийдөн авсан билээ. “Рио-2016” олимпийн наадамд Монголын баг тамирчид түүхэндээ хамгийн олон хүний бүрэлдэхүүнтэй оролцох гэж байгаа юм.
 
Д.Өлзий
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг