sonin.mn
Хүн төрөлхтний зуны олимпийн наадам эхлэхэд 39 хоног үлдлээ. Олимпийн эрх өвөртөлж амжаагүй нь авахын төлөө зүтгэж, нэгэнт эрхээ авсан нь бэлтгэлээ хийж,  ахмад үеийнхэн нь заавар зөвлөгөөгөө өгч, урам зориг хайрласан тийм нэгэн бахдам цаг үе спортынхны дунд өрнөж байна. Тэд бүхний зүрх сэтгэл олимпийн тэнгэрт эх орныхоо Төрийн далбааг мандуулахын төлөө чин хүсэл дээр нэгдэж байгаа гайхалтай билээ.
 
Тиймээс бид энэ удаагийн “Амьдралын тойрог”-тоо хүн төрөлхтний наадамд таван удаа оролцсон, олимпийн наадмын мөнгөн медальт, XX зууны манлай тамирчин, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Зэвэгийн Ойдовыг урилаа.
 
АЙДАС ДАГУУЛСАН, 12 КГ ХАССАН ТҮҮНИЙ АНХНЫ ОЛИМП
 
Хотоос 80 орчим км зайд байрлах Цагаан нугын зусланд Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин З.Ойдов гуайнх зусч байна. Тэрээр Олон улсын олимпийн өдрийн үйл ажиллагаанд оролцохоор хотод иржээ. Хүн төрөлхтний баяр наадам эхлэхийн босгон дээр уулзсан болоод ч тэр үү бидний яриа түүний олимпод оролцсон түүх, медаль авсан үеийн он жилүүдийн талаар өрнөлөө.
 
Өвөрхангай аймгийн Хархорин сумын хүү З.Ойдов олимпийн наадамд таван удаа эх орноо төлөөлөн оролцсон. Гурван удаа тамирчнаар, нэг удаа дасгалжуулагчаар, нэг удаа зочноор уригджээ.  
 
Түүний анхны олимп 1972 оны Мюнхений олимп байсан юм. Тэр үед олимпийн эрх авна гэж байдаггүй, тухайн улс хэдэн тамирчинг хэдэн жинд явуулах вэ гэдгээ шийддэг байжээ.  Олимпийн тосгон байгуулж, тамирчдыг байрлуулан, улс орны нэрийг 4, 5-аар нь зарладаг байв.  Мөн олимпийн  тосгоныг байгуулахад бусад орны барилгачид сайн дураараа очиж тусалдаг байсан гэдэг.
 
1972 онд манай улсын олимпийн баг 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй Германы Мюнхен хотыг зорьсон байна.   Тэр  дунд хамгийн хөдөлгөөнтэй, шооч  нэгэн нь З.Ойдов гуай байсан гэдэг.  Хаа явсан газраа хүмүүсийг инээлгэж чаддаг байсан учраас багийнхан нь түүнийг “Наргианч Ойдов” хэмээн хочилно.  
 
Мөн энэ шооч зангийнх нь тухай олимпийн дараа сонин дээр хүртэл хэвлэгдэж байсан удаатай.  Харин түүний сэтгэлийг зовоодог хамгийн хэцүү асуудал нь жингээ хасах байв.  Тэрээр “Би анхны олимпдоо 12 кг хасч орсон. Жингээ хасах гэж аль муугаа үздэг байлаа. Дөрөв хоног хэлэн дээрээ юу ч тавихгүй байна гэж бодоод үз дээ.  
 
Тамир тэнхээ байхгүй болно, шингэний зохицуулалт алдагдаж, уур уцаар нэмэгдэнэ, хамаг бие халуу шатаж их хөгийн болно.  Ер нь үхэхээс наахнуур юм болж байж л жингээ хассан” гэлээ.  Тэрээр Мюнхений олимпод 62 кг-ийн жинд оролцон хоёр удаа барилдан ялагджээ. Тухайн үед жингээ хасах талаар одоогийнх нь шиг нарийн заавар зөвлөгөө байхгүй, хуурайгаар өлсөж, саунд суух зэргээр жингээ хасан хамаг л хүч тэнхээгээ шавхан барилдаанд гардаг байжээ.  
 
З.Ойдов  “Анхны олимп маань ийм л туршилтын наадам болсон юм. 24 тамирчнаас би бараг 24-т орсон санагддаг. 7-8 цаг саунд сууна, сүүлдээ “түй” гээд шүлс байхгүй,  уйлмаар байсан ч нулимс гарахгүй байсан.  Ер нь барилдаж байхдаа нэг ухаан алдаж унаад л нэг сэргээд байсан шиг санагддаг” гэж байв.  
 
Мөн тухайн үеийн  Мюнхен хот түүний сэтгэлд нэг л айдастай сэтгэгдлийг үлдээсэн байдаг. Герман улс социалист, капиталист гэж хоёр хуваагдаж, ардчилсан Германыг нь ЗХУ, баруун Германыг нь АНУ харж ханддаг байв.  Мөн түүний оролцсон анхны олимпийн  түүхийг сөхөхөд олимпийн хар өдөр гэж тэмдэглэгджээ.  
 
Олимпийн наадам болж байхад дэлхийн хаана ч дайн байлдаан, мөргөлдөөн болсон түүнийг  бүрэн зогсоодог уламжлалтай. Гэтэл 1972 оны Мюнхений олимпийн үеэр тус хотод Израйлын тамирчдыг барьцаалж, хэд хэдэн хүн амиа алдсан хэрэг гарч байв.
 
Энэ тухай З.Ойдов “Олимпийн төгсгөлд их аймшигтай хэрэг болсон байдаг. Түүнээс хойш одоог хүртэл олимпийн наадмын үеэр ийм дайралт гаргахгүй төлөө дэлхий нийтээрээ тэмцэж байна даа” гэж байв.
 
Мөн Монголын талаас тамирчидтай хамт Нийгмийг аюулаас хамгаалах яамнаас хяналтын хүн явдаг байжээ. “Элдэв янзын кинонууд үзэж гаж үзэгдлүүдэд автав.  Социалист орнуудын  тамирчид ямар сайхан хүмүүжилтэй, ямар сайхан ур чадвартай тэргүүний хүмүүс байдгийг харуулж яваарай” хэмээн захидаг байжээ. 
 
“ОЛИМПИЙН АВАРГЫН МӨНГӨН МЕДАЛЬ АВААД БАЯРЛААГҮЙ”
 
 
З.Ойдов гуай тамирчны хувьд “тулааны талбарт” айна, эмээнэ, балмагдана, цочирдоно гэж байхгүй. Тэрээр “Хамгийн дуртай тоглоомоо тоглож байна, хамгийн хайртай газраа л байна”  гэж бодож спортын салбарт амьдарч иржээ.  
 
1976 оны Монреалийн олимпод туршлагатай ч болж, бэлтгэлээ сайн хийж биеэ бэлджээ.  Гэхдээ жингээ хасаж орно гэдэг түүний хувьд асуудал байв. Тэрээр тухайн үеийн удирдлагуудад  “62 кг-д орохгүй, намайг 68-д оруулж өгөөч, Тэгвэл би шууд алтан медаль авна” хэмээн ам гарч байсан удаатай.  
 
Гэсэн ч түүний хоёр удаагийн энэхүү хүсэлтийг зөвшөөрөөгүй юм.  Өмнөх олимпийн адил жингээ хасч  орохоос өөр арга түүнд байсангүй. Тэрээр “Би дахин жингээ хасах гэж бараг л үхсэн дээ. Саунд хэдэн цагаар сууна. Давирхай нь миний сууж байгаа сандал дээр дуслаад л буцалдаг байлаа.  Гэхдээ олимпод заавал орно гээд л зүтгэсэн.
 
 Сүүлдээ хүн хэтэрхий өөрийгөө бариад юм идэхээ болиод эхлэхээр сэтгэхээ болино, хэвтэж байхад хөлөн дээрээс нохой хазаад авсан ч татах тэнхэлгүй болдог юм билээ. Тийм л байдалтай оролцсон. Би нэгийн даваанд Өмнөд Солонгосын бөх Ян Жу Мон-той л битгий таараасай л гэж залбирч байлаа” гэж байв.  
 
Үнэхээр ч бурхан түүний хөлсөө дуслуулж бүхнээ зориулсан залбирлыг хүлээн авч тэрээр нэгийн даваанд АНУ-ын бөх Дэвистэй таарч, хоёр удаа цэвэр дарахад оноо өгөлгүй байсаар оноогоор ялагджээ. Гэхдээ З.Ойдов  2,3,4,5,6-гийн даваанд өрсөлдөгчөө цэвэр ялж, эцсийн тулаанд Солонгосын Ян Жу Мон-д ялагдан мөнгөн медалийн болзол хангасан байдаг.
 
Түүнээс “Та их баярлаж байсан уу, монголчууд таныг хэрхэн хүлээж авсан бэ” хэмээн асуухад  “Үгүй дээ. Би жин өгсөж барилдсан бол алт авах байсан. Хоёр удаагийн олимпийн аваргын амжилтаа жин хассанаас болж баллуулчихаж байгаа хүн чинь юундаа баярлах билээ дээ. Тэрнээс болж Монгол бөхийн аварга болох байсан ч чадаагүй.
 
Ид сайхан үед 72 кг хүрдэг байсан биеийн жин маань ч байхгүй болсон. Тэгэхээр баярлах шалтгаан надад байгаагүй. Одоо  ч гэсэн баярладаггүй” гэлээ.  Олимпийн мөнгөн медаль зүүгээд ирэхэд нь дарга нар нь “муу барилдсан” хэмээн арга хэмжээ авахаар ч бэлтгэж суусан гэдэг.  
 
Гэхдээ  тухайн үед З.Ойдов багаасаа ганцаараа олимпийн медаль авсан учраас арга хэмжээнээс аврагдаж  6000 мянган төгрөг шагнуулж байсан гэлээ. Ийнхүү анхны олимпдоо сүүл мушгиж байсан бол З.Ойдов 1976 оны Монреалийн олимпоос мөнгө медаль хүртэж ард түмнээ баясгасан юм.
 
1980 ОНЫ ОЛИМПОД ЕСДҮГЭЭР БАЙРТ ОРЖЭЭ
 
Тухайн үед бөхийн төрөлд одоогийнх шиг бичлэг үзэж өрсөлдөгчөө судлах боломж байсангүй.  Бэлтгэлийг харна, хашааны завсраар харж байгаа хүүхэд шиг л ажиглаж, түүнд л тохирсон мэх хийдэг байсан гэдэг.  Өрсөлдөгч тамирчныхаа нэг мэхийг нэг удаа хараад л тархиндаа “хадчихдаг” байсан гэлээ.
 
Мөн олимпийн наадам дөрөв хоног үргэлжилдэг байв. “ Олимпод оролцохоор явж байгаа хүмүүсийг газар үзээд л жаргаж явдаг гэж ойлгодог. Тухайн үед тийм зүйл байхгүй, үйлээ л үздэг байлаа. Олимпийн хотхоныг тойроод л нохой хөтөлсөн, буутай хүмүүс манаад гаргадаггүй байсан гэдэг.  
 
Үхтэлээ жингээ хасаад л хасаагүй бол нөгөө тамирчдынхаа гар хөлөнд ч болов массаж хийж өгөхийг бодно. Тийм л нэг бор зүрхээрээ зүтгэсэн он жилүүд байсан юм” гэж байв. 1976 онд Монреалийн тэнгэрт төрийн дууллаа эгшиглүүлж чадаагүй ч төрийн далбаагаа мандуулж чадсан түүний дараагийн олимп нь 1980 оны Москвагийн олимп байлаа.
 
 Тухайн жил АНУ, Баруун Герман, Япон  гээд энэ төрөлдөө дээгүүрт ордог, өндөр зэрэглэлийн тамирчидтай улсууд олимпод оролцсонгүй өнжлөө. Манай тамирч­дад боломж байсан ч  З.Ойдовын жин  67-гоос дээш гараагүй гэнэ.  68 кг-ийнхныг бөхчүүдийг  хаа таарсан газраа хаг дарсан байсан цаг үе өнгөрсөн гэдгийг тэрээр тухайн  тэмцээнээс мэдэрсэн гэдэг.  
 
Тэгээд тухайн жилээ арай ядан 68-д барилдаж,  есдүгээр байрт орсон.  Ийнхүү түүний олимпийн наадамд тамирчнаар оролцох цаг үед 1980 оны олимпийн наадмаар төгсгөл болсон юм. “1972, 1976 оны олимпод жин буурч ороогүй бол хоёр алтан медалийн эзэн болох байв” гэсэн харуусал нь одоо хүртэл түүний цээжинд байгаа нь мэдрэгдэж байсан юм. 
 
ОЙДОВ МЭХНИЙ ТУХАЙ
 
 
Түүний “Ойдов” хэмээх мэх дэлхийн чөлөөт бөхийн түүхэнд үлдсэн байдаг.  Энэ мэхний тухай түүхийг сөхвөл 1974 оны хавар Болгарын алдарт бөх Дан Коловын нэрэмжит тэмцээн  Свелев гэдэг хотод болжээ.  Тэрээр Ираны бөхтэй таарч тэрхүү мэхээ анх хийсэн гэдэг.  Тэрээр “Хатуу” гэж адуу унагаах аргыг хөдөөний хүүхдүүд л мэднэ.
 
1974 оны хавар Баянхонгорт Улсын аварга шалгаруулах тэмцээнд анх хийж тэр цагаас хойш дэлхийн дасгалжуулагч, бөхчүүдийн дунд өнөөх мэх маань “Ойдов” гээд алдаршчихсан. 30 гаруй жил энэ тэндхийн барилдаанд хийгдсэн мэх шүү” гэсэн юм.  
 
Ийнхүү тэрээр гурван олимпод тамирчнаар оролцсон бол 1996 оны Атлантын олимпод дасгалжуулагчаар явлаа. 1990 онд хувьсгал ялсан гээд тамирчид олигтой бэлтгэл байхгүй хэцүү он жилүүд байсан гэдэг. Д.Сумъяабазарыг овоо барилдчих болов уу гэсэн найдлагатай явсан ч  тэр нь талаар болжээ.
 
Нэгэн өглөө дасгалыг нь хийлгэх гээд очиход нь Д.Сумьяабазар байхгүй байжээ. Тэгсэн олимп болдог газарт туг бариулаад өдөржин зогсоочихдог байсан гэдэг. Дасгал сургууль ч байхгүй, туг барьж ядарсан хүн олимпод барилдаад 10 дугаар байрт оржээ. Тухайн жил жүдогийн төрлөөр Ц.Нармандах хүрэл медаль хүртэж байснаас өөр амжилтгүй ирсэн гэдэг.  
 
Харин түүний дараа  2000 оны Сиднейн олимпод З.Ойдов зочноор оролцон толгой өвдөх зүйлгүй тэмцээн уралдааныг тааваараа үзэж явсан гэдэг.  Ийнхүү олимпийн наадмын мөн­гөн медальт, XX зууны манлай тамирчин, Хөдөл­м­өрийн баатар, гавьяат тамирчин Зэвэгийн Ойдовын олим­под хөтөлсөн он жи­лүүдийн талаарх дурсамжийг хөрвүүллээ.  
 
1972, 1976 оны олимпод жин буурч ороогүй бол Монголчууд олимпийн алтан медалийг аль хэдийнэ авах байлаа гэ­сэн сэтгэлийн гал нь одоо ч унтраагүй байна. Олимпийн мөнгөн медаль авсан түүний амжилт өөрт нь “гологдсон” ч Монголын чөлөөт бөхийн түүхэнд үеийн үед  ямагт өндөрт залагдаж явах нь гарцаагүй юм.
 
Т.БАТСАЙХАН
Эх сурвалж: