sonin.mn
ВАШИНГТОН. /Prensa Latina/.  NBA-гийн хамгийн үнэ цэнэтэй тоглогч болох Леброн Жеймс 2016 оны Зуны Олимпыг алгасахаар шийджээ. “Cleveland Cavaliers” багийн бүрэлдэхүүнд “NBA”-гийн аваргын цомыг саяхан гуравдах удаагаа гардан авсан тэрбээр амрахаар шийдсэн байна.
 
Одоогоор Рассель Уэстбрүүк, Крис Пол, Блейк Гриффин, Жеймс Харден, Ламаркус Олдриж, Жон Уолл, Энтони Дэвис, Дэмьян Лиллард болон Стефен Карри нарын зэрэг тоглогчид Олимпын наадамд оролцохгүй гэдгээ мэдэгдээд байгаа юм. 
 
Өдгөө 31 настай Жеймс гурван Олимпт оролцож 2008, 2012 онуудад алтан медаль, 2004 оны Афины Олимпт хүрэл медаль хүртэж байсан билээ. Хаан хочит Жеймс сүүлийн жилүүдэд талбайд олон удаа гарч, NBA-гийн финалын зургаан тоглолтуудыг бараг алгасаагүй юм.
 
Финалын цувралд “Golden State Warriors” багт 3-1 ээр хожигдож байсан "Cavaliers” багтаа ялалтыг эргүүлэн авчирсан тэрбээр хамгийн үнэ цэнэтэй тоглогчоор гурав дахь удаагаа шалгараад байна. 
 
Харин түүний багийн нөхөр Кайри Ирвинг “Рио 2016”-д оролцохоо мэдэгджээ. Мөн нийт дөрвөн Олимпт оролцсон Кармело Энтони "Рио-2016"-д оролцохоор шийдсэн бөгөөд Олимпын гурван удаагийн аварга болох хүсэлтэй байна. 
 
Олимпт оролцохгүйгээ мэдэгдсэн дээрх тамирчдаас үл хамааран энэ удаагийн Олимпт аваргалах хангалттай хүч бололцоо бидэнд бий хэмээн АНУ-ын сагсан бөмбөгийн шигшээ багийн дасгалжуулагч Майк Кржижевски ярьжээ.
 
Х.Сарнай
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг