sonin.mn
БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр аймгийн Амгаланбаатар хотод насанд хүрэгчдийн чөлөөт бөхийн олон улсын уламжлалт тэмцээнээс манай бөхчүүд хоёр алтан медаль хүртжээ.
 
Тэмцээний сүүлийн өдөр эрэгтэй чөлөөт бөхийн тэмцээн болж манай 11 бөх барилдсанаас 9 бөх нь медалийн төлөө өрсөлдөж 1 хүрэл, хошой алт, 3 мөнгөн медалийн эзэд тодорлоо.
 
Тус тэмцээний 57 кг-д “Дархан-Хасу-Мегастарс” клубын бөх А.Мөнх-Эрдэнэ алт,  ҮБТДС-ийн бөх Д.Балжинням мөнгө, 65 кг-д “Хасу-Мегастарс” клубын бөх, ОУХМ Б.Нэмэхбаяр алт, тус клубын бөх Э.Тэмүүлэн мөнгө, Б.Наранболд хүрэл, 74 кг-д “Арслан” клубын тамирчин, ОУХМ Д.Гомбодорж мөнгөн медаль авсан. “Хасу-Мегастарс” клубын бөх Б.Түмэнцогт 57 кг-д, Б.Батсүх 74 кг-д, Б.Цогтгэрэл нар V байр тус тус эзэлжээ.
 
Тэмцээнд багийн ахлагч, дасгалжуулагч, шүүгчээр “Шонхор” БТДС-ийн багш, олон улсын шүүгч Г.Амархүү, М.Баярсайхан, Ц.Сэрээтэр нар оролцжээ.
 
Д.Өлзий
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг