sonin.mn
Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сум түүхт 90 жилийн ойн хүрээнд залуу уяачдын санаачлагаар анх удаа “Адуучин” тэмцээнийг зохион байгуулж ойролцоо 8 сумын 40 гаруй залуус оролцлоо.
 
Залуус уурга, ташуур шүүрэх, морь бугуйлдах, эмнэг хангал бугуйлдах зэрэг төрлөөр өрсөлдсөн бөгөөд тэмцээн нь мал маллах монгол ухааныг залуустаа өвлүүлэх ач холбогдолтой гэнэ.
 
Мөн энэ үеэр залуус монголчууд эрт дээр үеэс малаа морио унаж хариулж ирсэн уламжлалтай тул мотоциколоос татгалзах монгол ёс заншлаа түгээн дэлгэрүүлэхийг тэмцээнийг зохион байгуулагч Алаг-Эрдэнэ сумын 2-р багийн сумын алдарт уяач Б.Батням 1-р багийн уяач Л.Очирхуяг нар адуучдад уриалж байлаа.
 
Тэмцээнд Арбулаг сумын 6-р багийн адуучин М.Отгондэлгэр түрүүлж Бүрэнтогтох сумын спортын мастер Х.Гал-Эрдэнэ хоёрдугаар байрт шалгарлаа. Наадмыг  70 орчим адуучид зорин ирж 150 гаруй иргэд үзэж сонирхсон бөгөөд наадмыг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар болжээ.
 
Хөвсгөл аймаг Б.Гантуяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг