sonin.mn
Өнөө жилийн нaадам өнгөлөг, сайхан болно гэдэгт эргэлзэхгүй байна. Ингээд наадмын бөх ямар болох талаар санаа бодлоо хэлье. 1,024 бөх барилдах болохоор наадамч олон уйдах зав гарахгүй л байх.
 
Улсын шинэ цолтон ч олон төрөх магадлал бий. Тийм олон бөх барилдана гэдэг цол горилогчдод давааны тоо нэмэгдэнэ. Нэгээс дөрвийн даваа хүрэхэд учраа мэдээж зөөлөрнө шүүдээ.
 
Харин тэр боломжийг ашиглан өөрийн авьяас, эр чадлыг гарган өрсөлдөхийн оронд элдэв арга хэрэглэн цол хүртэх санаархал байж боломгүй. Сүүлийн жилүүдэд олон сая төгрөгөөр начин цол “худалдаж авсан” тухай яриа их гарах болсон. Яриа төдий биш тийм бүтэлгүй арга хэрэглэсэн явдал байгаа нь ч үнэн.
 
Гэтэл ийм явдалтай тэмцэх тэмцэл тун тааруу байгаа юм. МҮБХ-ныхон болон бөхийн зүтгэлтэн зарим нөхөд тэр бусармаг үйлдлийг тайлбарлахдаа ердөө даваа бүхэн цолтой болсноос найраа багассан гэдэг үгээр халхалдаг юм билээ. Үүнээсээ татгалзмаар л санагддаг.
 
Заануудаас бөх сонирхогчдоо олон жил горьдоосон Ч.Санжаадамбыг сайн барилдчихаасай гэж бодном. Гарьд Б.Гончигдамбыг ч гэсэн үзүүр, түрүүнд зогсож байхыг үгүйсгэхгүй л байхаа. За тэгээд түрүүлэх бөх хэн бэ гэвэл чац, бяраа зөв гаргаж барилдвал улсын арслан П.Бүрэнтөгс, Э.Оюунболд гээд нэр орж ирэх юм.
 
Гэтэл цаана нь хэнтэй ч мэдрэмжтэй уран сайхан барилдчихдаг аварга С.Мөнхбат, хүчтэй бас дороо суурьтай аварга Г.Эрхэмбаяр нар надтай хэн барилдах бол гээд ханхайж зогсоо.
 
Тэдний хэнийг нь ч наадмын манлай болоход гайхах хүн гарахгүй дээ. Ер нь шинэ аварга цолтон төрөх байх шүү. Ямар ч атугай наадмын бөх үзүүштэй сайхан болох биз ээ.
 
Сүхбаатар дүүргийн 29 дүгээр хорооны иргэн Д.Дэмбэрэл