sonin.mn
МАРСЕЛЬ. /TASS/. Марсель хотын "Велодром" цэнгэлдэх хүрээлэнд Улаанбаатарын цагаар үүрийн 04 цагт ЕАШТ-ний ¼-ийн шигшээд учраа таарсан Польш болон Португалын шигшээ багууд хоорондоо тоглох гэж байна. Тоглолтын ерөнхий шүүгчээр Германы иргэн Феликс Брих ажиллахаар томилогджээ.
 
Португалчууд тивийн аваргын тэмцээний ¼-ийн шигшээ тоглолтод 6 дахь удаагаа дараалан оролцох гэж байгаа бол Польшийн шигшээ анх удаагаа шилдэг 8-д багтсан байна. Энэ хоёр баг хоёулаа ЕАШТ-нд хожигдолгүй явж байгаа учраас хагас шигшээд шалгарах "шаанс"  ойролцоо байгаа юм.
 
Хоёр багийн од тоглогчид бол төвийн довтлогч Криштиану Роналду, Роберт Левандовски нар билээ. 31 настай Роналдогийн хувьд ЕАШТ-ний 19 дэх тоглолтдоо оролцох гэж байгаа  гэдгээрээ шинэ дээд амжилт тогтоож байна.
 
Тивийн АШТ-нд дөрвөн удаа оролцохдоо тэрбээр 6 гоол оруулсан бөгөөд удахгүй Францын алдарт хөлбөмбөгчин Мишель Платиниг /9 гоол/ гүйцэж түрүүлэх боломж бий гэж мэргэжилтнүүд үзэж байгаа юм.
 
“Бавари” багийн бүрэлдэхүүнд тоглодог Левандовский нь Германы Бундеслигийн шилдэг довтлогчдын нэг болоод байгаа боловч энэ удаагийн ЕАШТ-нд торгуулийн цохилтыг оруулснаас өөрөөр гоол хийгээгүй байна.
 
Польш болон Португалын шигшээ багууд нийтдээ 10 удаа хоорондоо учраа таарч байснаас португалчууд 4 удаа хожсон бол польшууд 3 хожил авч байжээ.
 
Өнөө шөнө болох тоглолтын өмнө Португалын шигшээгийн дасгалжуулагч Фернанду Сантуш хэлэхдээ “Польшийн баг тактикийн хувьд Хорватынхаас илүү” гэж үнэлжээ.  Тэрбээр цааш нь хошигнон ярихдаа “Роналду хаалга руу 15 удаа өшиглөхдөө 10 гоол оруулаасай гэж би хүсч байна. Гэхдээ өрсөлдөгчид маань ийм боломж олгохгүй байх л даа” гэсэн байна. 
 
Харин Польшийн дасгалжуулагч Адам Навалка хэлэхдээ “хөлбөмбөг бол багийн тоглолт мөн. Хамгийн сайн хөлбөмбөгчин тухайн багт байлаа гээд хожно гэсэн үг бишээ. Бид зөвхөн Роналдуг "барих" бус харин Португалын багийг бүхэлд нь хяналтдаа байлгах хэрэгтэй” гэжээ.
 
Х.Сарнай
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг