sonin.mn
ТОРОНТО. /NHK/. Оросын тамирчид төрөөс санхүүжүүлсэн сэргээшийн хөтөлбөрт хамрагдсан нь тогтоогдсон учир энэ зун болох "Рио-2016" Олимп болон Паралимпод тус улсын тамирчдыг оролцохыг хориглох хэрэгтэй гэж Дэлхийн сэргээшийн эсрэг агентлаг /WADA/ мэдэгдлээ.
 
Сочигийн Өвлийн Олимпын үеэр ОХУ-д төрийн санхүүжилт, дэмжлэгтэйгээр сэргээшийн хөтөлбөр хэрэгжүүлсэн гэж WADA-гийн комиссын тайланд бичжээ. Тус байгууллага Оросын тамирчид зохион байгуулалттайгаар сэргээш хэрэглэсэн гэх дуулианыг мөрдөн шалгасан юм.
 
Дээрх комиссыг ахалсан Канадын спортын хуульч Ричард МакЛарен Торонто хотод даваа гарагт шалгалтын дүнг танилцуулсан байна. Түүний ярьснаар, Оросын тамирчид зохион байгуулалттайгаар сэргээш хэрэглэсэн тухай өгүүлсэн “The New York Times” сонины тавдугаар сарын нийтлэл үнэн болох нь тогтоогджээ.
 
Тус сонинд “Сочигийн Олимпоос медаль хүртсэн Оросын 33 тамирчны наад зах нь 15 нь төрийн санхүүжилт бүхий сэргээшийн хөтөлбөрт хамрагдсан” гэж дурдсан байна.
 
МакЛарен хэлэхдээ “мөн Москва хотод 2013 онд болсон хөнгөн атлетикийн ДАШТ болон Казань хотод 2015 онд болсон усанд сэлэлтийн ДАШТ-ий үеэр Оросын тамирчид зохион байгуулалттайгаар сэргээш хэрэглэсэн болох нь тогтоогдсон” гэв. Оросын сэргээшийн хөтөлбөрийн хүрээнд наад зах нь 312  шинжилгээний хариуг хуурамчаар үйлджээ.
 
Холбогдох хувь хүмүүс болон байгууллагуудын эсрэг Олон улсын Олимпын хороо /ОУОХ/ хатуу хориг арга хэмжээ авна гэдэгт эргэлзэхгүй байна гэж  ОУОХ-ны Ерөнхийлөгч Томас Бах хэлжээ.
 
Тэрбээр мөн “спортын эв нэгдэл болон Олимпын наадмын нэр хүндэд цочирдом, сэтгэл сэрдхийлгэм байдлаар халдсаныг энэ шалгалтын дүн харууллаа” гэсэн байна. ОУОХ-ны Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж, эхний ээлжинд ямар арга хэмжээ авахыг шийдвэрлэх ажээ.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг