sonin.mn
НЬЮ-ЙОРК. /Anadolu/. Америкт хар арьст залуусыг цагдаа нар буудан хөнөөсөн болон цагдаа нарыг онилсон халдлага нэг бус удаа гарсантай холбогдуулан домогт сагсан бөмбөгчин Майкл Жордан даваа гарагт мэдэгдэл хийж, ийм хэрэг үйлдэж буйг эсэргүүцэн буруушааж байгаагаа илэрхийллээ.
 
Жорданы “theundefeated.com” цахим хуудсанд гаргасан мэдэгдэлд “арьсны өнгөөс үл хамааран хүмүүсийг хайрлаж, хүндэтгэж байхыг миний эцэг надад зааж сургадаг байсан. Ингэж хагаралдан хуваагдаж, арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах үзэгдэл даамжрах төлөвтэй байгаад би харамсч, бухимдаж байна” гэжээ.
 
Түүний эцэг Жеймс Жордан 1993 онд бусдын гарт амиа алдсан талаар NBA-гийн зургаан удаагийн аварга Майкл Жордан мөн хөндөн ярьжээ.
 
Жордан хэлэхдээ “хар арьст залуусыг цагдаа нар хөнөөж, цагаан арьст цагдаа нарын аминд хүрсэн хэрэг саяхан нэг бус удаа гарсанд би “сэтгэлээр маш их хямарсан” гээд “хайртай хүмүүсээ алдсан хүмүүсийн адил би шаналж байна” гэсэн байна.
 
Түүнчлэн өдгөө 53 настай сагсан бөмбөгчин “хүмүүсийг арьсны өнгөөр ялгаварлан гадуурхахгүй байх, тэдэнтэй эрх тэгш харилцах”, мөн "цагдаа нарыг хүндэтгэж, дэмжих"-ийг уриалжээ.
 
“Бидэнд тулгараад буй асуудал зөвхөн урьд шөнө болоогүй. Энэ асуудал маргааш ч шийдвэрлэгдэхгүй” гэж Жордан хэлээд, харилцан ойлголцож, эерэг өөрчлөлтөд хүрэхийн тулд хамтран ажиллахыг уриалсан байна.
 
Цагдаа болон иргэд хоорондын харилцааг сайжруулахын төлөө ажилладаг буяны байгууллагууд болох “Олон нийт-цагдаагийн харилцааны хүрээлэн” болон “Өнгөт арьстнуудыг дэмжих үндэсний холбоо”-ны "Хууль эрхзүйг хамгаалах сан"-д Жордан тус бүр 1 сая доллар хандивлах ажээ.
 
7 дугаар сарын 5-нд АНУ-ын Луизиана муж улсын Бейтон-Руж хотод 37 настай Элтон Стерлинг гэдэг хар арьст залууг цагаан арьст хоёр цагдаа буудан хөнөөсөн юм. Үүнээс нэг хоногийн дараа Миннесота муж улсад Филандо Кастиль гэдэг таксины жолооч хар арьст залууг цагдаа нар замаас гаргаж, буудан хөнөөсөн хэрэг гарсан билээ.
 
Эдгээр хэрэг нь Америк даяар эсэргүүцлийн жагсаал хийхэд хүргэсэн юм. Кастиль амиа алдсан өдөр Техас муж улсад болсон цагдаа нарын эсрэг жагсаалын үеэр Даллас хотын таван цагдааг армийн ахмад дайчин нэгэн буудан хөнөөсөн. Үүнээс хэд хоногийн дараа Бейтон-Руж хотод гурван хууль сахиулагчийг хөнөөсөн хэрэг мөн гарсан билээ.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг