sonin.mn
ЖЕНЕВ./Reuters/.Олон улсын спортын дөрвөн холбоо сэргээшийн асуудалд холбогдсон Оросын 35 тамирчныг Риогийн Олимпын наадамд оролцохыг хориглосон шийдвэр гаргалаа.  Оросын хөнгөн атлетикийн тамирчдын бүгдийнх нь эрхийг хэдийн хасаад байгаа билээ.
 
Хэрвээ тодорхой болзлыг хангаж чадвал Оросын бусад тамирчдыг Риогийн Олимпын наадамд оролцохыг зөвшөөрнө гэдгээ Олон улсын Олимпын хороо /ОУОХ/ мэдэгдсэн юм.
 
Сэргээш хэрэглэсэн нь тогтоогдсон орос тамирчдыг Риогийн Олимпод оролцуулахгүй гэдгээ ОУОХ тодорхой мэдэгдээд, “Оросын бусад тамирчдыг оролцуулах эсэх шийдвэрийг холбогдох  спортын төрлүүдийн холбоод гаргана” гэсэн билээ.
 
Үүний дагуу Дэлхийн сэлүүрт завины холбоо Оросын 19 тамирчныг Риогийн Олимпод оролцох эрхийг хаслаа. Тус холбоо өмнө нь уг спортын төрлөөр өрсөлдөх  Оросын гурван тамирчны эрхийг цуцлаад байсан юм. Ингэснээр 28 тамирчны бүрэлдэхүүнтэй Оросын сэлүүрт завины багийн 22 гишүүн  Риогийн Олимпод оролцох эрхгүй боллоо.
 
Мөн Оросын усанд сэлэлтийн 7, каноэ завины уралдааны 5 болон орчин үеийн таван төрөлтийн / Modern Pentathlon/ 1 тамирчин Риогийн Олимпод оролцох эрхээ хасуулаад байна.
 
Гимнастик, бокс, хүндийн өргөлт, гар бөмбөг болон бөхийн олон улсын холбоод Оросын тамирчдыг “Рио-2016”-д оролцуулах эсэхийг судалж, үнэлэлт хийж байгаа гэнэ. Ширээний теннис болон таэквондогийн тамирчид мөн холбогдох холбоодын шийдвэрийг хүлээж байна.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг