sonin.mn
Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч Д.Дагвадорж Рио-гийн дэвжээнд өрсөлдөх бөхчүүдээ дэмжихээр Бразилд очоод байна.
 
“Рио 2016” зуны олимпийн 31 дүгээр наадмын чөлөөт бөхийн тэмцээн өнөөдөр эхлэх юм. Энэ удаагийн олимпийн наадамд Монгол улсын чөлөөт бөхийн шигшээ багийн 10 тамирчин өрсөлдөх эрхээ авсан.
 
Тодруулбал, эрэгтэйчүүдийн 57 кг-д ДАШТ-ий хүрэл медальт Э.Бэхбаяр, 65 кг-д ДАШТ-ий хошой хүрэл медальт Г.Мандахнаран, 74 кг-д П.Өнөрбат, 86 кг-д Армийн дэлхийн аварга О.Үйтүмэн, 97 кг-д Азийн аварга Д.Хүдэрбулга, 125 кг-д ДАШТ-ий V байрын шагналт Ж.Чулуунбат болон эмэгтэйчүүдийн 53 кг-д ДАШТ-ий мөнгөн медальт Э.Сумъяа, 58 кг-д домогт К.Ичо аваргыг ялж, И.Ярыгиний тэмцээнд түрүүлсэн П.Орхон, 63 кг-д олимпийн хүрэл медальт, дэлхийн хошой аварга С.Батцэцэг, 69 кг-д ДАШТ-ий гурван хүрэл медальт О.Насанбурмаа нар хүч, ур чадвараа сорино.
 
 
Өнөөдөр Улаанбаатарын цагаар 22 цагт чөлөөт бөхийн тэмцээн эхлэх бөгөөд манай бөхчүүдээс Пүрэвдоржийн Орхон, Очирбатын Насанбурмаа нар түрүүлж дэвжээнд гарна. 58 кг-д барилдах П.Орхоны хоёрдугаар хэсэгт багтсан бөгөөд эхний тойрогт Болгарын М.Христоватай барилдана.
 
Д.Өлзий

Эх сурвалж:“Монцамэ” агентлаг