sonin.mn
“Алдар” сдорт хорооны тамирчин, дугуйн спортын залуучуудын дэлхийн аварга Б.Тэгшбаяр
 
Жанжны нутгийн хүү гэж би сонссон юм байна?
 
-Тийм шүү. 1998 онд Сүхбаатар аймгийн Асгат сумын Улаан дэл гэдэг газар хүүхдийн баярын өдөр төрсөн. Сумандаа 9 жилийн дунд сургууль, Баруун-Урт хотод нэгдүгээр бүрэн дунд сургуулийн 12 дугаар ангийг энэ жил төгссөн.
 
Дугуйн спортоор багаасаа хичээллэв үү?
 
-Би эхлээд жудо бөхөөр хичээллэсэн юм. Аймгийн аваргаар жиндээ 4 ялж түрүүлсэн, энэ спорт миний дагнан хичээллэх төрөл биш байж. Багадаа барилдаж, дээлийн суга ханзалдаггүй монгол хүүхэд гэж хаа байхав, тэдний нэг л явахгүй юу.
 
Дугуйн спортоор хэдэн оноос эхлэн хичээллэж байна вэ?
 
-Миний төрсөн Асгат сумын дунд сургуулийн биеийн тамирын багш Л.Төмөр-Арслан намайг дугуйтай нөхөрлүүлсэн юм. 2010 оноос Сүхбаатар аймгийн Биеийн тамир, спортын хорооны дасгалжуулагч С.Төмөрхуяг багшийн удирдлагаар идэрчүүд, өсвөр үеийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, энэ спортоор дагнан хичээллэх урам орсон доо.
 
Овоо хэдэн медаль авсан байлгүй?
 
-Авсан, авсан.Залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнээс уулын дугуйн 25 км-т 2 удаа түрүүлсэн. Засмалын дугуйн 20 км-ийн цуваа, 75 км-ийн бөөн гараанд алт, мөнгөн медаль авч байсан даа.
 
Гадаадад сургалтад хамрагдсан гэж дуулсан юм байна?
 
-2015 онд Азийн дугуйн холбооны сургалтад 1 дасгалжуулагч, 2тамирчин хамрагдсан юм. Миний амжилтын үзүүлэлтийг Азийн дугуйн холбоонд үлдээсэн байсан нь дахин сургалтад хамрагдах болзлыг хангасан юм. Дугуйн спортоор өндөр амжилт гаргах магадлалтай, ирээдүйтэй залуусыг Дэлхийн дугуйн төвд тусгай сургалт, бэлтгэлд хамруулдаг юм. Дэлхийн дугуйн спортын холбооны мэргэжлийн сургалтад Швейцар улсад 10 гаруй орны тамирчидтай хамт гурван cap сургалт бэлтгэлд хамрагдаад тэндээсээ шууд Залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон.
 
Дэлжийн аваргын тэмцээний сониноос яриач?
 
-Бөөн гараатай 200 км-ийн уралдаанд 40 орны 275 тамирчин уралдсанаас хэсэгтээ шилдэг 20-д шалгараад хагас шигшээд 6-рт жагссан. Шигшээ тэмцээнд шилдэг 20 дугуйчин уралдаж би түрүүлсэн юм.
 
Үе тэнгийнхэн чинь сургууль, соёл гээд бужигнаж байгаа даа?
 
-Тэгэлгүй яахав, би бэлтгэл сургууль, уралдаан тэмцээн гээд элсэлтийн ерөнхий шалгалтаа ч өгөх завдалгүй энэ хавар, зуныг үдлээ. Үр дүнд нь дэлхийн аварга боллоо. Бэлтгэлээ улам чамбайруулах шаардлагатай байна. Дөрвөн жилийн дараа Токиод уралдах нь миний ойрын зорилго болж байгаа...
 
Ирээдүйд ямар мэргэжил эзэмших вэ?
 
-Миний аав гарын дүйтэй хүн байлаа. Эвдэрсэн радио, цахилгаан техникийг тэр дор нь засварлачихна. Би дэргэд нь суугаад бас оролдоно шүү дээ. Спортын карьер бол хугацаатай, ирээдүйд эрчим хүчний инженер мэргэжлийг л сонгож эзэмшинэ дээ.
 
Ярилцсан
 
П.БАТНАЙРАМДАЛ
Эх сурвалж: "Соёмбо" сонин