sonin.mn
РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /АР/. Ямайкийн алдарт тамирчин Усэйн Болт эрэгтэйчүүдийн 200 м-ийн гүйлтэнд түрүүлснээр Риогийн Олимпын наадмаас хоёр дахь алтан медалиа хүртлээ.
 
Тэрбээр 200 м-ийг 19.78 секундэд туулан Олимпын найм дахь алтан медалиа хүртсэн байна. Харин Канадын гүйгч Андре-де-Грас мөнгө, Францын Критоф Леметр хүрэл медаль хүртжээ.
 
Риогийн Олимпын 100 м-т хэдийн түрүүлсэн 29 настай Болт орон нутгийн цагаар бямба гарагт 4x100 м-ийн буухиа гүйлтийн финалд гүйнэ.
Тэрбээр 100, 200 болон 4x100 м-ийн буухиа гүйлтэд түрүүлэн “Бээжин-2008” болон “Лондон-2012”-ын амжилтаа давтахыг зорьж байгаа юм.
Энэ оны хоёрдугаар сард тэрбээр мэдэгдэл хийхдээ “2017 оны ДАШТ-ий дараа зодог тайлна” гэж байсан билээ.
 
“Цахилгаан” хочит Болт 200 м-т түрүүлснийхээ дараа ярилцлага өгөхдөө “цагийн үзүүлэлтэндээ сэтгэл дундуур байгаа ч алтан медаль хүртсэндээ баяртай байна. Хамгийн гол зүйл бол алтан медаль шүү дээ” гэжээ.
 
Г.Доржханд

Эх сурвалж:“Монцамэ” агентлаг