sonin.mn
ЛОНДОН./TASS/. Дэлхийн 17 орны сэргээшийн эсрэг агентлагуудын төлөөлөгчид Дани улсын Копенгаген хотноо цугларч, Дэлхийн Сэргээшийн эсрэг агентлагийг /WADA/ өөрчлөн шинэчлэх асуудлыг хэлэлцсэн байна.
 
Хурлын үеэр ВАДА-г бие даасан ажиллагаатай болгох үүднээс тус агентлагийн удирдагчид спортын бусад байгууллагад алба хашихгүй байх нь зүйтэй гэж төлөөлөгчид үзжээ. Тухайлбал, ВАДА-гийн захирал Крейг Риди нь Олон улсын Олимпын хорооны дэд ерөнхийлөгчөөр ажилладаг байх жишээтэй. 
 
Дээрх асуудлаас гадна тус байгууллагын мөрдөн шалгах, сорил авах болон менежментийн үйл ажиллагааг тусгаарласнаар ашиг сонирхлын зөрчлийг арилгах нь зүйтэй гэсэн саналыг төлөөлөгчид дэвшүүллээ. Түүнчлэн ВАДА-гийн дүрэмд өөрчлөлт оруулах, тус байгууллагад нэмэлт хөрөнгө оруулснаар түүнийг улам бэхжүүлэх зэрэг асуудлуудыг хэлэлцсэн байна.
 
17 орны сэргээшийн эсрэг агентлагуудын удирдагчид мэдэгдэхдээ, ВАДА-гийн мэдээлэгчид болох Юлия Степанова болон түүний нөхөр Виталий Степанов нарын аюулгүй байдлыг хангахад ОУОХ-ны хүлээх хариуцлагыг нэмэгдүүлэх нь зүйтэй гэжээ.
 
Эдгээр бүх саналыг Австрали, Австри, Канад, Дани, Финланд, Франц, Герман, Ирланд, Япон, Нидерланд, Шинэ Зеланд, Норвеги, Швед, Сингапур, Швейцарь, Их Британи болон АНУ-ын сэргээшийн эсрэг агентлагуудын тэргүүн нар зөвшөөрөн дэмжсэн байна.
 
Х.Сарнай
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг