sonin.mn
РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /ВВС/. “Рио-2016” Паралимпын наадмын хаалтын ажиллагаа өчигдөр "Маракана" цэнгэлдэх хүрээлэнд болж өнгөрлөө.
 
Хаалтын ёслолын үеэр дуучид, бүжигчид тоглолтоо үзүүлж, ёслолын буудлага болсон нь алдартай цэнгэлдэх хүрээлэнг бүхэлд нь гэрэлтүүлж байв. Үүний дараагаар бямба гарагт нас барсан Ираны дугуйчин Бахман Голбарнежадад хүндэтгэл үзүүлжээ.
 
Олон улсын паралимпын хорооны ерөнхийлөгч Филипп Крейвен үг хэлэхдээ “хаалтын ёслол уй гашуутай болж байна” гэлээ. Тэрбээр Паралимпын наадмын амжилтын тухайд “энэ наадам жинхэнэ бразил маягаар хосгүй бөгөөд үнэхээр гайхалтай боллоо” гэж онцолсон байна.
 
Ноён Ф.Крейвен үг хэлэхээсээ өмнө Паралимпын тугийг Рио-Де-Жанейро хотын даргаас хүлээн авч, 2020 оны Олимпын наадмыг зохион байгуулах Токио хотын даргад шилжүүлэн өглөө.
 
Мөн тэрбээр наадмыг зохион байгуулагчид, тамирчид, үзэгчдэд талархал илэрхийлээд, Олон улсын паралимпын хорооны одонг Рио-Де-Жанейро хотынхонд гардуулжээ.
 
“Рио-2016” наадмыг зохион байгуулах хорооны дарга Карлос Нузмен үг хэлэхдээ “үүрэг даалгаврыг амжилттай гүйцэтгэлээ. Бразил улс юу хийж чаддагаа дэлхий нийтэд харууллаа. Энэ тэмдэглэлт үйл явдал бидний хувьд өмнө нь мөрөөдөл байсан. Энэ мөрөөдлийг биелүүлэх гэж 20 жилийн турш хүлээлээ. Олон хүний хувьд энэ нь боломжгүй мэт санагдаж байсан боловч Бразил улс, Рио-Де-Жанейро хотынхны хувьд тийм биш байлаа. Боломжгүй зүйл үгүй. Бразилчууд хэзээ ч бууж өгөхгүй” гэж онцлон дурдлаа.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг