sonin.mn
Зэвсэгт хүчинд Холбооны цэрэг үүсэн байгуулагдсаны 95 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Их хурлын гишүүн, ЗХЖШ-ын дарга агсан, хошууч генерал Р.Гаваагийн нэрэмжит Холбоочдын цогцолбор тэмцээн 2016 оны 09 дүгээр сарын 14-16-ны өдрүүдэд боллоо.
 
Залуу үеийн холбоочдын мэргэжлийн болон спортын ур чадварыг дээшлүүлэх, мэргэжилтнүүдийн мэдлэгийн цар хүрээ, дадлага, чадварыг нэмэгдүүлэх, харилцан туршлага солилцох зорилгоор зохион байгуулсан уг тэмцээнд Зэвсэгт хүчний анги байгууллагууд, Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын 200 гаруй тамирчид хурд хүчээ сорив.
 
ОБЕГ-аас Гамшгийн шуурхай удирдлагын Холбоо зарлан мэдээллийн чиглэлийн мэргэжилтнүүд, техникийн бэлэн байдал хариуцсан инженерүүд, холбоо, зарлан мэдээлэл хариуцсан операторууд, НОБГ-ын дүүргүүдийн Гал түймэр унтраах, аврах ангийн дуудлага хүлээн авагчид, Аврах тусгай ангийн Холбооны тусгай бүлгийн албан хаагчид амжилттай оролцлоо.
 
ОБЕГ-ын баг тамирчид хурдач радиотелеграфчин, цэргийн холбоочдын мэргэжлийн цогцолбор дасгал, кибер цэрэг, радио илрүүлэлтийн “үнэг агналт”, зүг чиглэл, байрлал олох, “Зэвсэгт хүчний холбоо мэдээллийн хөгжилд бидний оролцоо” эссе бичлэгийн уралдаан гэсэн төрлүүдэд нийт 15 багаас наймдугаар байрт, гар бөмбөг, ширээний теннис, шатар, дартсын тэмцээнд гуравдугаар байр эзлэн багийн дүнгээр гуравдугаар байрт шалгарлаа.
 
Тэмцээний хурдач радиотелеграфчины төрөлд Онцгой байдлын ерөнхий газрын Аврах тусгай ангийн Холбооны тусгай бүлгийн аврагч холбоочин, онцгой байдлын дэд ахлагч Н.Хүсэл, онцгой байдлын ахлагч М.Эрдэнэбаатар нар амжилттай оролцож спортын гуравдугаар зэрэг авсан юм.
 
Холбоочдын цогцолбор тэмцээний нэгдүгээр байрт Зэвсэгт хүчний 013 дугаар анги, хоёрдугаар байрт Зэвсэгт хүчний 124 дүгээр анги тус тус шалгарчээ.
 
Н.Туяа
 
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг