sonin.mn
Сэргээшийн эсрэг ADAMS сүлжээний мэдээллийн сан руу нэвтэрсэн “Fancy Bears” хакеруудын бүлэглэл сэргээш хэрэглэсэн тамирчдын шинэ жагсаалтыг нийтэлжээ. Уг жагсаалтад Испанийн теннисч Рафаэль Надаль болон их Британийн хөнгөн атлетикч Мо Фархад нарын нэрс орсон байна. Сэргээш хэрэглэсэн тамирчдын нэрсийн жагсаалтад 10 орны 26 тамирчин оржээ. Жагсаалт хакеруудын цахим хуудсанд нийтлэгдсэн байна.
 
Олимпийн хошой аварга, “Их дуулга”-ын 14 түрүүтэй нэрт теннисч Рафаэль Надалиас 2009, 2012 онд авч байсан сэргээшийн шинжилгээнээс хориглосон бетаметазон, тетракозактид хэмээх бодис илэрчээ. Харин олимпийн дөрвөн удаагийн аварга Фарахаас 2008 болон 2014 онд авсан шинжилгээнээс триамцинолон, морфин, викодин илэрсэн байна. 
 
Түүнчлэн “Fancy Bears”-т энэ удаа нийтэлсэн жагсаалтад дараах тамирчдыг нэрлэсэн байна. Үүнд, Их Британиас - Сэм Куэк, Криста Каллен, Алекс Дэнсон (бүгд 2016 оны олимпийн алтан медаль хүртсэн, зүлгэн дээрх хоккей), Кэллум Скиннер (алт, дугуйн спорт), Хелен Гловер (алт, сэлүүрт завь), Жастин Роуз (алт, гольф), Пит Рид (алт, сэлүүрт завь), АНУ-аас - Ариана Вашингтон (алт, хөнгөн атлетика), Брейди Эллисон (мөнгө, байт харваа), Коннор Йегер (мөнгө, усанд сэлэлт), Лори Эрнандес (алт, спортын гимнастик), Канадаас -  Кристин Синклер, Мелисса Танкреди, Риан Уилкинсон, Софи Шмидт (бүгд хүрэл, хөлбөмбөг), Аргентинаас - Лукас Рей, Факундо Каллиони (хоёулаа алт, зүлгэн дээрх хоккей),  Францаас - Димитри Баску (хүрэл, хөнгөн атлетик), Готье Грюмье (алт болон хүрэл, туялзуур сэлэм), Даниас - Каспер Мортенсен (алт, гандбол), Никлас Ларсен (хүрэл, дугуйн спорт), мөн Бельгийн Лоик Люпаэр (мөнгө, зүлгэн дээрх хоккей), Бурунди улсын Франсина Нийонсаба (мөнгө, хөнгөн атлетик), Унгарын Ласло Чех (усанд сэлэлт) нар сэргээшийн шинжилгээнд бүдэрчээ.
 
 
М.Хүслэн
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин