sonin.mn
Цэндийн Мөнхчулуун. Монголын дугуйн холбооны тамирчин, уулын дугуй ба экстрем дугуйн аяллын олон улсын хэмжээний мастер. Тэрбээр 2006 оноос эхлэн энэ спортоор хичээллэн, Монголын уулын дугуйн спорт болон  уулын экстрем дугуйн аяллыг эх орондоо төдийгүй олон улсанд сурталчилж яваа тамирчин юм.
 
Нэг талаар тэр адал явдал хайгч, байнгын шинэ, гэхдээ хүнд хэцүүг мэдрүүлсэн бүхнийг эрэн ологч. Нөгөөтэйгүүр гэр бүл, амь нас, эрүүл мэндээ золиослон “алга бологч”. Өнгөрсөн хугацаанд тэр дэлхийн 90 гаруй орноор нийт 20 гаруй мянган км замыг дугуй, үүргэвч хоёртойгоо туулжээ.  Ингэхдээ нэг удаа “Хүн хэдий болтол хоол, хүнс идэхгүй байж чадах вэ” гэдгийг өөр дээрээ туршиж, 11 хоногийн турш юу ч идэлгүй явж үзсэн байдаг.
 
Мөн Арабын орнуудаар аялж явахдаа 47 хэмийн халуунд элсэн цөлийг сонгож аялсан, Эверестэд хүчил төрөгчийн баллонгүй авирсан. Гэхдээ тэр зүгээр л нэг аялагч биш. Ийн явахдаа дэлхийн дээвэр гэгддэг Гималайн нурууны Катманду, Жири, Лукла оргилд буюу 5643 метрийн өндөрт Монгол хүн анх удаа уулын дугуйтайгаа гарсан нь дэлхийд анхны тохиолдол болон бүртгэгдэж байв. Гэсэн ч тэр зогссонгүй. Дараа дараагийн аялал, өндрөөс өндрийг зорьсоор.  
 
Энэ өдрүүдэд ч ялгаагүй ээлжит аялалдаа гарахаар бэлтгэж байгаа гэнэ. Тэрбээр энэ удаад Европын ноён оргил Эльбурс буюу 5642 метр, Балбын Гималайн нурууны Мера Пеак буюу мөнх цаст 6476 метрийн өндөрт гарах аж. Ингээд түүнтэй ярилцлаа.
 
- Таны санаачлан хэрэгжүүлж байгаа “Үндэс” төслийнхөө талаар ярина уу? Ер нь яагаад заавал дугуйтай аялах болсон юм бэ?
 
- Чадах зүйлээрээ өөрийгөө илэрхийлж, бусдын дэмжлэгийг авахын тулд би “Үндэс” төслийг санаачлан боловсруулж, нэг гараагаар дараалан дэлхийн хоёр оргилд дугуйтайгаа аялахаар тун удахгүй замд гарах гэж байна. Энэ удаад бүх зүйлийг баримтжуулж, аяллаас ирээд богино хэмжээний баримтат кино хийх зорилгын үүднээс Монголын Рафтингийн холбооны тамирчин Э.Эрдэнэбилэгтэй хамт явна.Тэр болгон мэргэжлийн зураглаач миний аяллын аяыг даахгүй учир би тамирчин хүнийг сонгосон.
 
Хүмүүст би зүгээр л нэг хоббигоо хөөсөн нөхөр шиг харагдаж байгаа. Гэвч аялал бүрийн цаана зорилго байдаг. Энэ удаад 5642 м-ийн өндөртэй Европын ноён оргил Эльбрус, Гималайн нурууны 6476 м-ийн Мера Пеак оргилд дугуйтайгаа гарахаар зориг шулуудсан.Тэр хүртэлх замыг дугуйгаараа туулж, харин оргил руу дугуйгаа үүрээд мацна. Замын ханиа хаа ч явсан орхихгүй. Энэ удаад өмнөх амжилтаа бататгахаас гадна хүмүүнлэгийн үйлсэд хувь нэмэр оруулах зорилготой.
 
Одоо зорьж буй хүмүүнлэгийн үйлсийнхээ талаар тодруулж ярина уу? Яагаад заавал дугуйгаар аялж байж энэ үйлсийг бүтээх гээд байгаа юм бэ?
 
-  Би энэ аяллыг төрөх эмнэлгүүдэд нэн шаардлагатай байдаг нярайн аппарат, хэрэгсэл, тоног төхөөрөмжүүдээр ойрын жилүүдэд дутагдахааргүй хангамжтай болоход зориулж байгаа нь учиртай. Нэгдүгээр амаржих газарт бүтэлттэй төрсөн нярайг сэхээн амьдруулах аппарат дутагдалтай. Би энэ зовлонг хэдэн жилийн өмнө анхны хүү дээрээ мэдэрсэн. Азаар хүү маань аврагдсан ч өөр хоёр ч гэр бүл нүдэн дээр минь үрсээ алдаж байсан гашуун түүх надад гүн шарх үлдээсэн.
 
Би төрөх газарт тоног төхөөрөмж авч өгөх ямар боломж байгааг нэлээд судалж байгаад АНУ-д гудамжинд дуулж, бүжиглэдэг 11 орны урлагийн авьяастай хэсэг бүлэг хүн нэгдэж, тоглолт хийн олсон орлогоо хөгжил буурай орны хүүхдүүдийн сурч боловсрох болон эрүүл, аюулгүй орчинд өсч бойжиход анхаардаг төсөл хэрэгжүүлдэг тухай 2014 онд олж мэдсэн. Тэгээд тэдэнтэй холбогдож, “Үндэс” төслөө танилцуулахад “2015-2016 оны аялал тоглолтын хөтөлбөр батлагдчихсан. Гэсэн ч таны төслийг гишүүддээ танилцуулаад эргэн холбогдоё” гэж хэлсэн. Тэгэхээр уг тоглолт Монголд 2017 онд зохион байгуулагдах боломжтой Ингэхийн тулд хүмүүнлэгийн чиглэлээр сайн дурын үйл ажиллагаа явуулдаг нэгэн том компанид хандсан. Тэднээс зөвшөөрсөн гэх хариуг зүгээр хүлээгээд сууж чадахгүй, хүлээнгээ өөрийнхөө чадах зүйлийг тэдэнд харуулахыг л хүссэн юм.
 
- Санаанд багтахгүй юм. Түнэр харанхуйд, ойд, эсвэл бороо, цасан шуургатайд дугуйндаа ороод унтчихна гэх биш. Аяллын хэрэгслээ яагаад заавал дугуйгаар сонгосон юм бэ?
 
Нэгдүгээрт, хамгийн зардал багатай тээврийн хэрэгсэл. Хоёрдугаарт, би унаагаа хаана ч орхиод явж чадахгүй. Эверест рүү би машин үүрээд гарч чадахгүй шүү дээ. Шаардлага гарвал тухайн орон нутгийн зочид буудалд хоноглоно. Миний аяллын ихэнх хугацаа өвөл, хүйтний улиралд болж байсан. Гэхдээ надад энэ нь сонирхолтой. Зарим уулчид уулсын оргилд гарахын тулд бэлд нь онгоцоор бууж, эсвэл машинаар хүргүүлдэг юм билээ. Би өөрийгөө болон бусдыг хуурмааргүй байна. Бүгдийг чин сэтгэлээсээ хийх хэрэгтэй.
 
- Та аяллынхаа турш хамгийн багадаа хэчнээн гутал сольсон вэ. Дугуй унасан хүүхдийн гутлын ул тэсдэггүй.
 
- Гутал солих шаардлагагүй дээ. Харин Эверестэд авирахад уулын зориулалтын гуталгүй байсан. Гэсэн ч зорилгодоо хүрэхийн тулд зуны арьсан гуталтайгаа, борооны цувтайгаа авирсан. -35-аас дээш хэмийн хүйтэн байсан. Уулчид намайг “Солиотой Монгол” гэдэг юм. Гэсэн ч Улсынхаа далбааг Эверестийн нэг оргилд мандуулаад зогсож байхад тэр хүртэлх ядрал, бэрхшээл арилах шиг болсон. Улсынхаа далбааг мандуулж байх тэр агшны аз жаргалыг юугаар ч орлуулашгүй. Төрийн соёмбот далбаа ямар үнэ цэнэтэй вэ гэдгийг тэнд очсон хүн л мэдэрнэ. Тэр аз жаргал хүүхдүүдийн төлөө байсан.
 
- Өндрийн өвчин гэж байдаг. Та өөрийгөө хэрхэн бэлдсэн бэ?
 
- Би уулын дугуйн спортоор хичээллэдэг, багагүй бэлтгэгдсэн хүн гэдэг утгаар аяллын хувийн бэлтгэлд санаа зовох зүйлгүй. Оргил руу дайрахад харин өндрийн өвчнөөс сэргийлэх, орчинд дасахын тулд хугацаа шаарддаг. Балбын нийслэлд би халаасандаа 30-хан доллартай очиж байлаа. Хөтөчтэйгээ энд байхдаа интернэтээр холбогдчихсон байсан. Очоод хөтөчдөө “Би хамгийн хүнд хэцүү замаар нь оргилд гарахыг хүсэж байна. Энэ аялал бол хүүхдүүдийн хувьд маш чухал” гэж хэлсэн. Хөтөч маань сүүлийн 10 гаруй жил хүн яваагүй замыг сонгож намайг мацуулсан. Экстрим аялал хийдэг хүмүүс тэр замаар явдаг ч цөөнгүй хүн эргэж ирээгүй, заримынх нь цогцос доороос олдсон гэх мэт мэдээллийг сүүлд уншиж байсан. Энэ мэт хэцүү зүйл байх ч зорилго, итгэл найдварын өмнө юу ч биш.
 
- Та яагаад хоол идэхгүй олон хоног явсан юм бэ. Энэ таны нөгөө байгууллагын анхаарлыг татах гэсэн оролдлогын нэг үү?
 
- Тэгж хэлж болох ч өөрийгөө бас сорьж үзсэн юм. Хятадын өмнөд Сычюань мужийн өндөр уулсын дунд энэ сорилтоо хийж байлаа. Бас заавал элсэн цөлөөр явах нь ч нэг төрлийн сорилт байсан.
 
- Гэр бүлийн чинь хүний хувьд таныг “Одоо болно оо, үр хүүхэд, амьдралаа бод” гэдэг үү?
 
- Тэгэлгүй яах вэ. Гэхдээ би замд таарсан саад бэрхшээл, элдэв жижиг сажиг асуудлыг аялж явахдаа эхнэрээ сэтгэл санаагаар нь өөдрөг байлгахын тулд, муу энерги өгөхгүйн тулд хэлдэггүй. Гэртээ ирээд л ярихыгаа ярьдаг.
 
- Гэхдээ та энэ аяллаас маш их зүйл сурч байгаа. Ядаж л бодлоо цэгцлэх, аливаа юмны утга учрыг ойлгохыг хичээх гэх мэт өдөр тутмын ажилдаа дарагдсан хүмүүсийн хүсдэг бүхнийг өөртөө бий болгож чадаж байгаа тийм үү?
 
- Би өөрийгөө гэхээсээ илүүтэй хүний мөн чанар, хүн төрөлхтний язгуурыг таньж байгаа гэж болно. Японы тамагочи гээд тоглоомыг зохион бүтээгч, Японд төдийгүй дэлхийд зартай баян эр дугуйгаа унаад л дэлхийг тойрон аялж байна. АНУ, Герман гээд хөгжилтэй орнуудын баян, хэнд ч юу ч худалдаад аваад өгчих хөрөнгөтэй хүмүүс дугуйгаар аялж байна. Би японы зохион бүтээгчээс “Танд бүх юм байхад яагаад дугуйгаар аялж байгаа юм бэ” гэж асуусан. Тэгсэн “Өнгөрсөн хугацаанд би хангалттай байшинд сууж, хангалттай олныг зохион бүтээсэн. Сүүлдээ надад шинэ санаа төрөхөө больсон. Харин би аялж эхэлснээр тамагочигийн загварууд шинэчлэгдэж, би шинэ санаагаар дүүрэн болж байна” гэсэн.
 
- Амиа алдах шахсан тухай таны фэйсбүүк хуудаснаас уншсан?
 
- Өндөр уулын бүсэд туршлага гэхээсээ илүү хүчилтөрөгч маш чухал гэдгийг ойлгосон. Эхний авирсан оргилд уулчид 5000 метрээс хүчилтөрөгчийн баллон хэрэглэж байна лээ. Надад баллон байгаагүй болохоор шууд л авирсан. Миний хөтөч Эверестийн оргилд 12 удаа авирсан Балба Улсын иргэн Жамбу Ширпа гэж туршлагатай уулчин байсан тулдаа миний амийг аварсан.
 
Хоёр дахь нь тус ууланд манайхаар янгир ямаа явдаг замаар усархаг, шавартай хүнд хэсгээр л унадаг дугуйгаа үүрэн зогсолтгүй авирсан. Тэгтэл гэнэт луус морьтой мөргөлдөж өндөр уулын эгц уруу унах гэж байхад өнөөх хөтөч залуу намайг татаж миний амийг хоёр дахиа аварсан даа. Гурав дахь нь Шинжаань уйгарын Турпан хотоос гараад уулын өгсүүр тахиралдсан замаар өгсөж явлаа. Зураг авч байтал дээрээс уруудаж ирж явсан ачаатай шалаанз машин тоормос алдан сигналдсан эрчээрээ онхолдсон.  Азаар миний дээгүүр гарч доош өнхөрсөн. Ухаан балартаж хэсэг хугацааны дараа сэрэхэд бүх зүйл болоод өнгөрсөн байсан.
 
- Тэр хамтлаг Монголд ирээд тоглолт хийлээ гэж бодъё. Олсон орлогыг нь тоног төхөөрөмжинд зарцуулах гээд байна уу. Яг ямар санхүүгийн эх үүсвэрээс тоног төхөөрөмж авах гэж байгаа юм бэ?
 
- Манайд ирээд тоглолт хийгээд олсон хандивын мөнгийг тэр хамтлагийнхан өөрсдөө авна. Надад нэг ч төгрөг нь хамаагүй. Эрх ч байхгүй. Гол нь тэр хамтлаг ирснээр бодит байдлыг газар дээр нь үзэж, судлаад удирдлагуудтайгаа зөвлөлдсөний дараа тусламжийн цуваа манайхыг зорих боломжтой болох юм.
 
- Та нэгдүгээр төрөхийн эмч, удирдлагуудтай ер нь уулзаж байсан уу?
 
- Саяхан Нэгдүгээр амаржих газарт очоод байдалтай танилцах гэтэл эмч нар намайг оруулаагүй. Гэсэн ч нөхцөл байдал нөгөө л янзандаа байгаа. Удирдлагууд нь “Төсөлд чинь амжилт хүсье” гэж хэлж байна лээ.
 
- Танай гэр бүлийн зорилго биелж, нөгөө байгууллага аппарат, хэрэгсэл хандивлавал та экстрем аяллаа зогсоох уу?
 
- Би дэлхийн долоон ноён оргилд гарахыг хүсэж байгаа хүн шүү дээ. Дугуй бол миний үнэнч анд. Магадгүй би өөр зүйл олж, шинэ зорилгынхоо төлөө аялж эхлэх байх.
 
-Таныг экстрем аяллын талаар ном бичсэн гэж сонссон?
 
 -Тийм ээ, 2015 онд аяллаас ирсэний дараа “Амь дүйсэн аяллын хөтөч” номоо гаргаж байлаа. Тухайн үед анх удаа ном гаргаж байсан болоод ч тэр үү сэтгэл их хөдөлж, ямар ч насны, ямар ч мэргэжлийн хүнд хэрэгтэй мэдээлэл агуулсан, аялахыг хүссэн сонирхсон хэн болгонд санаа өгсөн гарын авлага гаргачихлаа гэж их л баярлаж байлаа. Одоо харахад засч сайжруулах, нэмэх юм зөндөө л харагдаж байна. Магадгүй дараагийн номоо улам сайжруулж, тэмдэглэл зургаар баяжуулж, илүү сонирхолтой байдлаар гаргах байх. “Ам дүйсэн аяллын хөтөч” номоо би удахгүй явах аяллынхаа зардалд нэмэр болгох үүднээс саяхан цөөн ширхэгийг дахин хэвлүүллээ. Авахыг хүсвэл надтай 89117736 утсаар холбогдох буюу фэйсбүүкт Yadamt Moggi нэрээр холбогдож болно.
 
- Та одоо хэдэн настай юм бэ?
 
40 гарсан. Гэхдээ сайн үйлс, сайны эрэлд нас хамаагүй биз дээ.
Төгсгөлд нь тэрбээр “Энэ удаагийн аялалд бидэнд санхүүгийн тусламж хэрэгтэй байгаа. Тийм болохоор би аж ахуйн нэгж, байгууллагуудаас хандив хүсэж байгаа. Зөвшөөрөх нэгэн байхад ойлгохгүй нь ч таарч байна” гэсэн юм.  Тэр фэйсбүүк хуудастаа “Хөлс, золиос, сэтгэлгүйгээр юу ч бүтэхгүй” гэж бичжээ. Зорьж, тэмүүлж байгаа зүйл нь хүүхдийн төлөө учраас зам дандаа гэгээн байдаг биз ээ.
 
“Дэлхийд долоон ноён оргил байдаг. Бүгдэд нь гарахыг хүсэж байна” гэж "солиотой эр" хэлсэн. Түүний хүсэл тэр оргилуудаас ч өндөр ажээ. Тийм л учраас Гиннесийн номонд “Дугуйгаар Эверестийн оргилуудад гарсан дэлхийн анхны хүн болж албан ёсоор бүртгэгдлээ” гэж бичигдсэн юм шүү дээ.
 

Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг