sonin.mn
Монголын оюун ухааны академийн багш Г.Сонинчимэгтэй ярилцлаа. Тэрбээр Туркийн Истанбулд хэдхэн хоногийн өмнө болсон олон улсын тэмцээнд бяцхан шавь нартайгаа амжилттай оролцоод ирсэн юм.
 
-Таны дасгалжуулсан ой тогтоолтын 8-9 настай бяцхан тамирчид насанд хүрэгчидтэй хүртэл өрсөлдөөд медаль, цомтой иржээ. Тэдгээр сурагчид ой тогтоолт, цээж бодолтоор хэр удаан хичээллэсэн бэ? 
 
-Манай сурагчдын хувьд Туркийн Истанбулд болсон тэмцээн анхных нь байлаа. Тэд сүүлийн нэг жил ой тогтоолт, цээж бодолтын хавсарсан ангид суралцсан. Тэмцээнд явахаас 14 хоногийн өмнө тооны марафон төрлийг сурч өрсөлдсөн болохоор бидний хувьд чамлахааргүй амжилт гаргасан гэж бодож байна. Бид тэмцээнд оролцохоос тав хоногийн өмнө Тэрэлжид эрчимтэй бэлтгэл хийсэн. Хүүхдүүдийн гурав нь найм, нэг нь есөн настай учраас гэр бүлийнхнээсээ холдож үзээгүй байсан. 
Тиймээс Турк явахаас өмнө сурагчидтайгаа хэсэг хугацаанд хамт байрлах шаардлагатай болсон.
 
Тэмцээнд найман орны 77 тамирчин нас харгалзахгүйгээр өрсөлдөж, долоон төрөлд хүүхдүүд авьяас чадвараа сорьсон. Бага насны хүүхэдтэй ажиллахдаа тэдний сэтгэл зүйг судалж, ойлгох хэрэгтэй. Үүнд эцэг эхийн оролцоо ч маш их үүрэг гүйцэтгэдэг. Энэ удаагийн тэмцээнд оролцоход хүүхдүүдийн гэр бүлийнхэн маш их тусалж дэмжсэн. Тэмцээний хувьд бага насны ангилалд 13 хүртэлх насныхан оролцдог. 13-17 настай хүүхдүүд дунд насанд өрсөлдөж, 18-аас дээш болохоор насанд хүрэгчдийн ангилалд багтдаг юм.
 
Тамирчдын тэмцээнд гаргасан амжилтыг тоймловол:
 
Хурдны хөзөр-Ц.Өрнөх /тавдугаар байр/
8*8 үржих /насны ангилалгүй/ -А.Ирмүүн-Ертөнц /хүрэл медаль/
8*8 үржих /хүүхэд нас/ -А.Ирмүүн-Ертөнц /алтан медаль, цом /
Numbers memory /хүүхэд нас/-А. Ирмүүн-Ертөнц /дөрөвдүгээр байр/
Ц.Өрнөх /тавдугаар байр/
Mental addition /хүүхэд нас/-Д. Гэрэлт-Од /дөрөвдүгээр байр/
Binary digits /хүүхэд нас /-А.Ирмүүн-Ертөнц
/хоёрдугаар байр/ Ц.Өрнөх /гуравдугаар байр/
 
-Ой тогтоолтын арван төрлийн тэмцээн байдаг. Үүнээс алинаар нь бага насны хүүхдүүд хичээллэхэд тохиромжтой вэ?
 
-Тухайн хүүхдийн онцлогоос шалтгаална. Хүүхдүүд тоо, хөзрийг цээжлэхдээ дуртай киноныхоо баатар, эд зүйл, өөрт тохиолдсон мартагдахааргүй үйл явдал, хүнээр төлөөлүүлэн бодож цээжилдэг Өөрөөр хэлбэл, цээжилж байгаа зүйлээ хүүхэд өөрийнхөө хамгийн сайн мэддэг орчинтойгоо холбож тогтоодог гэсэн үг. Манай сурагчид ихэнхдээ цэцэрлэгт хүрээлэн, паркийн талаар төсөөлөн бодож тоо, хөзрөө цээжилдэг. Тиймээс тамирчид ядарч, төвөгшөөлгүй хөгжилтэй байдлаар аливаа зүйлээ цээжилдэг бололтой юм.
 
-Хэдийгээр дуртай зүйлээрээ төсөөлөн бодож цээжилдэг ч гэсэн 52 хөзрийг хэдхэн минутын дотор дарааллыг нь алдуулахгүй цээжпэх хэцүү. Үүнийг хялбарчлахын тулд багш нар сурагчдадаа ямар арга зааж өгдөг юм бэ?
 
-Хөзөр цээжлэх бол хамгийн анхны суурь аргачлал юм. Ой тогтоолтоор анхлан хичээллэж байгаа хүмүүс хөзрийнхөө дарааллыг алдах тохиолдол гардаг. Тиймээс би шавь нартаа “Хүн алдаа гаргаж болно. Ганцхан тэр алдаагаа дахиж давтан гаргаж болохгүй" гэж захидаг.
 
-Олон зүйлийг нэг дор цээжлэхээр тархи амархан ядардаг байх. Тэр үед нь та хүүхдүүдээ хэрхэн амраадаг вэ?
 
-Эрдэмтэд тархи ямар үед ядардаг талаар судалсан байдаг. Тархи хэдий чинээ их ажиллана төдий хэмжээгээр цэнэглэгддэг болохоос ядардаггүй. Хүний бие махбод л ядардаг. Үүнийг хүмүүс буруу ойлгодог. Өдөрт 3000-5000 бодол хүний тархи толгойд эргэлдэж байдаг. Үүнийг л бид хэрэгтэй зүйлдээ ашигладаг гэсэн үг. Тиймээс хүүхдүүд хөгжилтэй агшин, дуртай зүйлээрээ төсөөлөн бодож байгаа учраас эхний үед цээжлүүлэхгүй уншуулж дасгадаг. Саяхан болсон тэмцээний дундуур хүүхдүүдээ амрахын тулд би хэрэг болгож автомат тоглоомын газарт очиж тэднийг тоглуулсан. Энэ нь хүүхдүүдэд амралт болсон. Тамирчин хүнд тэмцээний сэтгэл зүй их чухал.
 
-Бага насны хүүхдийн анхаарлыг төвлөрүүлэх амаргүй ажил. Та хүүхдүүдтэйгээ хэрхэн ажиллаж тэмцээний үеэр нэг зүйлд анхаарлаа хандуулж сурахад нь тусалдаг вэ? 
 
-Хүүхдүүд ой тогтоолтоор хичээллэснээр тархиа хөгжүүлдэг. Too бодохдоо эхлээд хоёр гараа ашигладаг. Ингэж хоёр гараа зэрэг хөдөлгөх нь баруун, зүүн тархийг зэрэг ажиллуулдаг. Үүний үр дүнд хүүхэд аливаа зүйлийг хялбарчилж хүлээж авах чадвартай болдог. Мөн хүүхдийг тэвчээртэй болгож, өөртөө итгэлтэй болгодог давуу талтай.
 
-Ой тогтоолтоор хичээллэснээр зарим хүүхэд хичээлдээ сайн болдог гэсэн. Танай сурагчдад тийм зүйл ажиглагдаж байна уу?
 
-Хүүхэд болгон өөр зан төлөвтэй. Түүнийг нь зөв тодорхойлж, олж харж чадвал түүгээр нь дамжуулан хөгжүүлэх боломжтой байдаг юм. Ой тогтоолтоор хичээллэсэн хүүхдүүд математикийн хичээлдээ толгой өвдөхөөргүй болдог. Арга ч үгүй биз дээ. Найман оронтой тоог найман оронтой тоогоор үржүүлж бодож сурсан хүүхдүүд хэр баргийн зүйлд толгой өвдөхгүй болно. Манай зарим хүүхэд гэрийнхээ даалгаврыг ангидаа боддог гэсэн. Энэ нь бусад хичээлдээ анхаарах боломж гаргаж байгаа хэрэг юм. Зарим хүүхдийн онцлогийг мэдэхийн тулд би хамт тоглодог. Тэгээд ямар аргаар хичээллэвэл сайн сурахыг нь олдог юм. Муу сурагч байдаггүй гэж би боддог. Ганцхан тэдний зан чанарт тохирсон заах аргыг л олох хэрэгтэй.
 
-Монголын оюун ухааны академийн тамирчид дөрвөн жилд нэг удаа болдог оюуны олимпод оролцохоор бэлтгэж байгаа гэсэн. Таны шавь нараас тэмцээнд оюун ухаанаа сорих уу?
 
-Лас Вегаст ирэх сарын эхээр болох тэмцээнд манай академийн 10 гаруй тамирчин оролцоно. Тамирчид хэд хоногийн өмнөөс бэлтгэлдээ гарсан. Саяхан улсын аварга шалгаруулах тэмцээн болсон учраас зарим нь бэлтгэлтэй байгаа болов уу гэж бодож байна. Дөрвөн жилд нэг удаа болдог оюуны олимп бол тамирчин бүрийн сэтгэл догдлон хүлээдэг тэмцээн юм. Манай тамирчид дэлхийн нэлээд хэдэн амжилтыг шинэчлэх зорилго тавьсан. Тэмцээнд гурван насны ангиллаар оролцоно. Манай шавь нараас Истанбулд болсон тэмцээнд оролцсон хоёр хүүхэд явна.
 
-Тэмцээний гурван насны ангиллын дүрэм журам нь адилхан уу?
 
-Дүрэм нь адилхан зөвхөн шагнал гардуулахдаа л насны ангилалд хуваадаг. Оюуны спорт маш гоё. Хүүхэд ч гэсэн насанд хүрэгчдийн ангиллын цомыг авах боломжтой байдаг. Тиймээс тухайн , тамирчин хэдэн настай байх нь хамаагүй, чадаж л байвал түрүүлэх боломжтой гэсэн үг.
 
-Манай тамирчид дэлхийд чансаагаар хэдэд жагсч байгаа бол?
 
-Дэлхийн шилдэг тамирчдын эхний тав нь монгол хүн байна. Олон улсын өсвөрийн тамирчдын 14 рекордын 12-ыг монгол тамирчин эзэмшдэг. Үүнийг бага насны тамирчид маань давтан амжилт гаргана гэдэгт итгэлтэй байна.
 
-Хөгжөөд удаагүй ч Монголын оюуны спортын тамирчид дэлхийд данстай болжээ. Амжилт гаргаж буйн шалтгааныг та багш хүний хувьд хэрхэн дүгнэж байна вэ?
-Манай уламжлалт ёс зүйтэй холбоотой гэж боддог. Ямар ч зүйлд хязгаарлагддаггүй нүүдэлчин ахуйгаас үүдэлтэй.
 
Гадаадад цахилгаанчны ажлыг зөвхөн тэр хүн л хийх ёстой гэж боддог. Харин бид аливаа ажлыг болж л өгвөл өөрсдөө хийхийг хичээдэг биз дээ. Энэ задгай сэтгэлгээ маань бидэнд оюуны спортоор хичээллэхэд тус болдог. Өөрөөр хэлбэл, монгол хүүхдүүд ямар ч зүйлд баригдалгүй, хязгааргүйгээр төсөөлж чаддаг.
XXI зуун бол залуучуудын эрин. Тиймээс бидэнд амжилт гаргах боломж бүрэн бий.
 
Б.Сэлэнгэ
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин