sonin.mn
“Орос-Монголын хамтын ажиллагаа-2016” бизнес форумыг 10 дугаар сарын 27-30-нд Новосибирск хотод зохион байгуулна.
 
Орос, Монголын хооронд дипломат харилцаа тогтсоны 95 жилийн ойн хүрээнд болох бизнес форумаар хоёр улсын эдийн засаг, боловсрол, соёл, спорт, шинжлэх ухаан, эрүүл мэнд, бизнесийн олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, Монголын үндэсний үйлдвэрлэлийг ОХУ-ын зах зээлд гаргах төсөл, хөтөлбөрүүдийг танилцуулах зэрэг асуудлыг хэлэлцэх юм.
 
Мөн энэ үеэр хоёр улсын урлаг, спортын салбарыг хамруулсан арга хэмжээ нэг нь Монгол, Оросын тамирчдын тулааны урлагийн төрлөөр халз тэмцээн зохион байгуулна.
 
Халз тулааны урлагт багтах найман спортоор манай тамирчид ОХУ-ын тамирчидтай өрсөлдөхөөр нэрс нь тодорчээ. Харин Оросын тамирчдаас хэн сонгогдож, халз тулаанд өрсөлдөх нь хараахан тодорхой болоогүй байна. Тэмцээн 10 дугаар сарын 27-29-нд болно.
 
Монголын тамирчдаас боксын спортоор Э.Баярхүү /64 кг/, жүдогоор Г.Болдбаатар /60 кг/, чөлөөт бөхөөр Д.Цогтбаатар /61 кг/, байлдааны самбогоор Б.Дамланпүрэв /62 кг/, кикбоксоор С.Батжаргал /67 кг/, муатай боксоор Б.Гантогтох /60 кг/, холимог тулаан /ММА/-аар /С.Сүхболд /66 кг/, таэквондогоор П.Бямбадорж /57 кг/, сонгомол бөхөөр Б.Хаш-Эрдэнэ /65 кг/ нарыг тодруулаад байна.
 
 
Д.Өлзий
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг