sonin.mn
МОНРЕАЛЬ./ВВС/. “Рио-2016” Олимпын наадмын үеэр явуулсан сэргээштэй тэмцэх үйл ажиллагаа “ноцтой зөрчилтэй” байсан гэж Дэлхийн Сэргээшийн эсрэг агентлаг /WАDA/ мэдэгдэв.
 
Сэргээшийн шинжилгээнд хамрагдсан олон тамирчны “шинжилгээний дээж олдохгүй" байсан аж. Мөн зарим өдөр авах ёстой байсан шинжилгээний 50 хүртэлх хувийг хийлгүйгээр цуцалсан байна. 
 
11 470 тамирчны 4125-ынх нь хувьд 2016 онд шинжилгээнд хамрагдсан бүртгэл байхгүй байсан бөгөөд тэдний 1913 нь сэргээш хэрэглэх өндөр эрсдэлтэй 10 спортын төрөлд өрсөлдсөн гэдгийг WADA-гийн бие даасан шинжээчдийн гаргасан 55 хуудастай тайланд дурджээ.
 
Бүртгэлийн системд мэдээллийг буруу оруулснаас болж 100 орчим шинжилгээний дээж тамирчдаас авсан дээжүүдтэй таарахгүй байсан, алга болсон цусны дээж Олимпын наадам дууссанаас хоёр долоо хоногийн дараа олдсон, хүндийн өргөлт зэрэг сэргээш хэрэглэх өндөр эрсдэлтэй спортын тэмцээний үеэр сэргээшийн шинжилгээний дээж аваагүй, хөлбөмбөгийн тэмцээний дараа сэргээшийн шинжилгээ хийгээгүй, сэргээшийн хяналтын ажилтныг томилон ажиллуулаагүй, наймдугаар сарын 8-ны байдлаар зөвхөн 4795 тамирчин сэргээшийн эсрэг бүртгэлийн системд мэдээллээ оруулсан байсан гэх мэт олон ноцтой зөрчлүүдийг тайланд дурджээ.
 
Д.Нямтулга
 
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг