sonin.mn

Сэцэн хан аймгийн нутагт байсан бөхийн сорилгуудын нэг бол Дарьганга хошууны сорилго юм. Тус хошууны бөхийн сорилго, бөхчүүд энэ хошууны үүсэн өвөрмөц онцлогтой холбоотой аж. Тэнд хүч тэнхээ ихтэй хүмүүс, хүчит сайн бөхчүүд олон байсан тухай мэдээ баримт, домог яриа их бий.

 

XVI зууны эцэс XVII зууны эхээр Түшээт хан Гомбодорж түүний хүү өндөр гэгээн Занабазар нарын үед Халх Манжид эзлэгдсэний дараа Манжийн зүг зугтаж явах замдаа Сэцэн хан аймгийн өмнө талын хил болох Өгөөмөрийн хөндий гэдэг газарт орогнон тэр орчмоор нутаглаж байсан Сэцэн хан аймгийн арван хошууг нүүлгэж Манжийн эзэн хааны сүргийг байгуулжээ.


Манжийн хаан 1772 оноос эхлэн Хан Хэнтий уул, Хан уул /Богд уул/, Отгонтэнгэр энэ гурван уулыг  Сэцэн хан, Түшээт хан, Засагт хан аймгууд, Дарьганга хошууны  Дарь овоог хошууныхан тогтмол тахиж наадам хийх журамтай болгосон байна. Манжийн хааны төлөөлөгч Дарганга хошууны ард түмний зан заншлыг 1763 онд тусгайлан судалснаас хойш есөн жилийн дараа Дарь овоог жилд 2 удаа буюу тавдугаар сарын 10, цагаан сарын 10-нд тус тус тахиж байх журмыг тогтоожээ.

 


Энэ үеэс овоон хийд дээр бөхийн сорилго байгуулагдан тахилгын өмнө сарын хугацаагаар хатуу дэг журамтай бэлтгэл хийлгэж байжээ. Энэ нь Манж нар монгол үндэсний бөхийн барилдааныг хөгжүүлэх гэсэндээ ч биш, харин уг нутгийн хүмүүсийн санаа сэтгэлийг засах, мөн жил бүрийн дөрөвдүгээр сарын сүүлээр Манжийн хаан Дарьганга хошуун дахь сүргээсээ 500 үрээ, 500 тайлган тэмээ ялган авч найман сард Манж руу гаргадаг байсан тул уг эмнэг хангал адуу, тэмээг барьж тамгалах, ялгахад хүч бяртай залуу эрэгтэйчүүд зайлшгүй шаардагдах учир тэрхүү ажлыг бас хийлгэх зорилгоор Дарьганга нутгийн хамгийн өмнө тал болох Овоон сүм дээр бөхийн сорилго байгуулсан бололтой.

 

Манж нар Дарьганга хошууны бөхчүүдийн хүч бяр, арга барилыг туршиж үзэхээр 1763 онд Сэцэн хан аймгаас 6, Дарьганга хошуунаас 4 бүгд 10 бөхийг Долнуур хотод аваачиж Өвөрсөнөд, барга, үзэмчин бөхчүүдтэй барилдуулан шалгахад Дарьганга хошууны Сойлго Содном, Дугарсүрэн, Дамиран, Цэвэгмэд нар их үнэлэлт авсан ажээ. Халзан хатавч, Байшинт хийд дээр ч бөхийн сорилго бий болжээ.

 

Дарь овооны сорилгыг амаа Намхай, Халзан хатавчийнхыг Алтангэрэл, Байшинтын хийдийнхийг Дамиран зэрэг их хүчит бөхчүүд удирдаж байжээ. Дарь овооны сорилгын амаа Намхай нь асар их бяртай, маш том биетэй хүн байжээ. Түүнийг морьтой хүмүүстэй хамт явганаар явж байхыг нь харахад Намхайн өндөр харагддаг байсан гэдэг.


Тэрээр Алтан дарь овооныхоо наадамд 15 жил түрүүлж дархалсан учир түүнд үхэн үхтэл нь түрүү бөхийн бай шагнал өгдөг байжээ. Халзан хатавчийн Алтангэрэл нь мөн их хүчтэй хүн байж. Тэрбээр Долнуур хотод аян жин тээж очоод ачаа бараагаа аваад буцах замд нь 13 дээрэмчин таарч хөсгийг нь зогсоон дээрэмдэх гэхэд нь нутгийн ганц өвгөнтэй хоёулхнаа явсан ч гэлээ тэдгээр дээрэмчдийг бүгдийг нь цохиж унагаан нийлүүлж хүлчихээд орхиод явсан агаад хожим тэр газрыг “Арван гурвын энгэр” гэж нэрлэдэг болжээ.

 

Алтангэрэл явсаар өөрийн нутагт орж ирэн нэгэн худаг дээр очиход тэр худагт үхэр уначихаад 10 эр хүн гаргаж чадахгүй гайхшаа баран сууж байжээ. Харин Алтангэрэл уг үхрийг худгийн хашлагатай хамт ховх татан гаргажээ. Тэнд байсан хүмүүс түүний бяр тэнхээг гайхан шигширч алдар нэрийг нь асуухад “Арван муу” гэчихээд яваад өгчээ.


Харин Байшинтын бөхийн сорилгод Буяндалай гэж хүчтэй, алдартай сайн бөх байж. Тэрээр ямар ч бүдүүн эмнэг морийг аль өртсөн газраас нь ганц гараараа бариад авахад морь нь шээс алдан зогсдог аж. Мөн түүнтэй барилдаж явсан бөхчүүдийн яриагаар “Халахад хурууны үзүүр халуун юманд дүрсэн аятай болдог" байсан гэдэг

Үргэлжлэл бий.

СХД-ийн иргэн, бөх сонирхогч В.Дэмчиг.
Эх сурвалж:”Бөх сонин”