sonin.mn
Энэ удаагийн зочин маань дугуйчин, аялагч Ц.Мөнхчулуун. Түүнийг “солиотой хүн” гэж нэрлэх олон шалтгаан бий.  Тэрээр Эверестэд дугуйтайгаа гарсан анхны Монгол хүн. Мөн Гималайн нурууны оргил руу хоёр дахь аяллаа хийсэн.
 
Одоо Сибирийн -60 хэмийн хүйтэнг дугуйтайгаа ялан дийлэхээр мордох гэж байна. Мөн  дэлхийн 90 гаруй орноор дугуйтай аялж, энэ хугацаанд 300 гаруй мянган км замыг туулжээ. Түүний аяллын талаар сонссон, тааралдсан гадаадын аялагчид Ц.Мөнхчулууныг “солиотой монгол хүн” хэмээн ярьцгаадаг.  Ингээд түүнийг “солиотой” болохыг батлах гурван аяллын талаар нийтлэлээ эхлэе. 
 
 
АЯЛАЛ-1
 
Тэрээр 2014 оны  арваннэгдүгээр сард Гималай руу аяллаа эхэлсэн байна.  -30 хэмийн хүйтэнд  Улаанбаатараас хөдөлж, Ховд аймгийн Ярантын боомтоор гарчээ. Шиньжан Уйгар, Хятадын Сычуан муж, Лаос, Тайланд, Энэтхэг гэж дамжин явсаар Балбад хүрсэн байна. Тэрээр замдаа таарсан саад бэрхшээл бүхнийг зөвхөн дугуйтайгаа даван туулсан.  Онгоц, галт тэрэг, нийтийн унаанд нэг ч удаа хөл дүүжлээгүй.  Тэсвэр тэвчээрийн хязгаар гэж байдаг бол тэр бүхнээ гарган аяллаа амжилттай дуусгасан юм.   Гималайн нурууны бэл хүртэл дугуйтайгаа яваад цаашаа дугуйгаа үүрч алхаад Эверестийн оргилд гарчээ. Ингэж дугуйчин, аялагч Ц.Мөнхчулуун Эверестэд дугуйтайгаа гарсан анхны монгол хүн болсон байдаг.  
 
Энэ аялалд дөрвөн сарын хугацааг зориулжээ.  Мөн энэ үеэр Балбад байрлах Гиннесийн рекордын багийнхан түүний хоёр амжилтыг бүртгэжээ.  Нэг нь 5200 км замыг өвлийн улиралд  дугуйгаар,  85 кг ачаатай туулж, уулын бэлээс дугуйгаа үүрч 308 км замыг гурван өдрийн хугацаанд дуусгаж, Эверестэд хүрсэн гэх амжилт байв. Харин нөгөө нь  дугуйгаа үүрч 308 км замыг туулахдаа амралтгүй гурван өдрийн турш явснаараа шинэ рекордыг тогтоож чадсан юм. Мэргэжлийн уулчид энэ замд  дөрөв хоног амардаг юм байна. Ийнхүү эхний аяллаараа Эверестэд гарах мөрөөдлөө биелүүлж, мөн хоёр рекордын эзэн болж, хамгийн чухал нь өөрийгөө ялан дийлсэн  чухал алхмыг хийж чадсан юм. 
 
АЯЛАЛ-2
 
Тэрээр хоёр дахь аяллаараа Гималайн нурууны 6600 км өндөр оргил дээр гарах зорилго тавьжээ.  Өнгөрсөн жил идэр есийн хүйтэн д буюу -40 хэмд энэхүү аяллаа эхлүүлсэн байна.  Улаанбаатараас дугуйтайгаа гарч, Замын-Үүдийн боомтоор хил давжээ. Тэгээд Өвөрмонголын хойд нутгаар 3300 км яваад Шиньжан Уйгарын ойролцоо аваарт орсон байдаг.  
 
Хүрэх газартаа 400 орчим км дутуу байхад уулын зам дээр осолдож гараа хугалаад аргагүй эрхэнд буцаж ирсэн байна.  Энэхүү аялал хоёр сар орчим үргэлжилсэн байдаг.  Энэ хугацаанд тэрээр урьдын адил хүнд бэрх зам давааг дугуйгаараа л туулсан байдаг.  Зорилгодоо хүрч чадаагүй ч гэсэн түүнд  маш их сургамж хайрласан аялал болжээ. 
 
АЯЛАЛ-3
 
Энэ жил тэрээр гурав дахь аяллаа эхлүүлэх гэж байна.  Олон мянган км замыг дугуйтайгаа туулж  нэлээд туршлага суусан тэрээр удахгүй Сибирийг зорих ажээ.  2000 км замыг -60 хэмийн хүйтэнд туулж өөрийгөө ямар хэмжээний аялагч, дугуйчин гэдгээ харуулахаар бэлтгэж эхэллээ.
 
 
 
Ц.МӨНХЧУЛУУНЫ ЗОРИЛГО ЮУ ВЭ
 
 
Алтай таван богд, Шилийн богд, Асралт хайрхан гээд түүний дугуйн мөр гараагүй газар Монголд ховорхон.   2012 оны өвөл гэхэд Хөвсгөл нуурыг дугуйтайгаа бүтэн тойрсон байна.
 
 
 
Түүний энэхүү ээдрээтэй, бартаа саад ихтэй, амь нас дүйсэн аяллыг эхлүүлэх болсон түүх нь их сонин.  Таван жилийн өмнө Ц.Мөнхчулууны эхнэр төрж, бүтэлттэй гэх шалтгаанаар хүүгийнх нь амь нас дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байв.  Тухайн үед эмч нар “Хүүхэд тань нэмэргүй. Сэтгэлээ бэлд” гэж байсан гэдэг. Гэсэн ч шийдвэрийг хүлээн зөв­шөөрөлгүй эцсээ хүртэл тэмцжээ.   21 хоногийн хугацаанд  инкуваторт байсан хүү нь нэг л өдөр сэргэж аав ээж нь бөөн баяр болсон гэдэг.  Ц. Мөнхчулуун “Тэр 21 хоног миний хувьд там байлаа.  
 
Миний хажууд надтай адилхан хоёр залуу гэр бүл хүүхдээ алдаж байсан.  Тэгээд би хүүхдүүд яагаад энэ шалтгаанаар ээж аавдаа ирж чадалгүй буцаад байна гэж судалсан. Багаж төхөөрөмжийн хүртээмж, эм тарианы дутагдлаас болдог юм билээ. Тэр үеэс эхлээд Нэгдүгээр төрөх эмнэлгийн багаж төхөөрөмж, эм тариаг нэмэгдүүлэх энэ зүгт олон нийтийн анхаарлыг хандуулахын төлөө аяллуудаа эхэлсэн.  Өнгөрсөн хугацаанд нэгдүгээр төрөхт өөрийн зүгээс 10 сая гаруй төгрөгийн эм тариаг авч өгч, дөрвөн хүүхдийн амь аварсан” гэж байв.  
 
Түүний аяллын зорилго ердөө л энэ.  Явсан газар бүртээ энэ тухайгаа танилцуулж, хандив тусламж цуглуулах арга замыг тэрээр хайж байна.   Хүмүүсээс бэлэн мөнгөний хандив авдаггүй ч анхаарлыг нь энэ зүгт хандуулснаар тодорхой хэмжээний амжилтад хүрнэ хэмээн тооцоолжээ.  Ц.Мөнхчулуун жилд  нэг удаа “Өргөө” амаржих газраар очиж, тоног төхөөрөмж, хандивын талаар мэдээлэл авдаг байна.  Сүүлийн жилүүдэд төр засгийн анхаарал, хандив тусламж энэ газар нэмэгдэж байгаад тэрээр баярлаж явдаг гэлээ.
 
 Гэсэн ч аяллаа зогсоолгүй хорвоод мэндлэх бяцхан үрсийн төлөө дэлхийн долоон оргилд дугуйтайгаа гарах мөрөөдөл тээжээ. Мөн өнгөрсөн хугацаанд  тэрээр АНУ-д төвтэй буяны хамтлагт захидал илгээсэн байна.  Тус хамтлаг нь тоглолтоо хийж, олсон орлогоороо ядуу буурай оронд хөгжмийн сургууль бай­гуулж өгдөг гэнэ.  
 
Түүний захидлын хариу 2017 онд ирэх учиртай.  Энэ хугацаанд ч Ц.Мөнхчулуун зүгээр суухыг хүссэнгүй. Аяллаа үргэлжлүүлж,  тэрхүү буяны байгууллагын  хүмүүсийн анхаарлыг татсанаар нааштай хариу ирж, Нэгдүгээр төрөхөд хандив тусламжаар тоног төхөөрөмж авч өгнө хэмээн найдаж байгаа юм байна.
 
“ДУГУЙ МИНИЙ ХОЁР ДАХЬ ЭХНЭР”
 
Ц.Мөнхчулуун Улаанбаатар хотын унаган иргэн. Есөн настай байхад ээж нь өнгөрч, тэрээр аавтайгаа өсчээ.  Удам судрыг  нь яривал түүний өвөө нь Ядамт тайж гэдэг Сүхбаатар аймгийн гаралтай хүн байсан гэдэг.  Үндэсний бөхөөр барилддаг байсан бөгөөд  хошуундаа долоон удаа түрүүлж, долоон үзүүрлэсэн алдартай бөх байсан гэдэг.  Мөн аав нь  аймаг сумандаа барилддаг, төрийн хар хүн байжээ.  Өвөө, аав  хоёр нь хэлмэгдэж байсан учраас удам судраа мэдэхгүй явсаар Ц.Мөнхчулуун 1990-ээд оноос  энэ талаар мэдэж судалж эхэлсэн гэдэг. Харин түүний дугуй унах сонирхол нь 1986 оноос эхтэй.  
 
Дунд нь боксын спортоор хичээллэж нэг хэсэг завсарлаж байсныг  эс тооцвол түүний амьдрал тэр чигээрээ дугуйтай холбоотой.   Тэрээр “Дугуйгаа унаад явахад их гоё байдаг. Стрессгүй, эрх чөлөө мэдрэгдэнэ.  Хээр тал, газар морьтойгоо давхих нь эр хүний жаргал гэж ярьдаг.  Түүн шиг дугуйгаа унаад явахад надад жаргал мэдрэгддэг.   Би дугуйгаа тасралтгүй унаад 10 гаруй жил болж байна.  Энэ хугацаанд ямар ч өвчин хэлсэнгүй.  Өдөр хотын төвөөр  ажлаа дугуйтайгаа амжуулчихна.  
 
Мөн оройдоо Төв аймаг руу  яваад ирнэ. Иймэрхүү хэмнэлээр амьдарч байна даа” гэлээ.  2006 оны  үед өвлийн хүйтэнд дугуй унаад явж байгаа түүнийг хүмүүс эвэртэй туулай үзсэн мэт хардаг байжээ.   Машингүйдээ, боломжгүйдээ ийнхүү дугуй унаж яваа байх гэж харж байснаас  түүний хүсэл мөрөөдлийг хэн ч анзаараагүй юм.  Ц.Мөнхчулуун “Одоо нэг үеэ  бодвол цаг арай  өөр болжээ. Тухайн үед хүмүүс янз бүрээр хэлдэг л байсан.  Гэхдээ миний чин хүсэл, сонирхол кайф байсан учраас унасаар л өдийг хүрсэн. Ер нь би хүмүүст хэлдэг юм.  Дугуй бол миний хоёр дахь эхнэр юм шүү дээ” гэж байлаа. 
 
ЖУУЛЧИД УЛААНБААТАРЫН ГЭР ХОРООЛЛЫГ ИХЭД СОНИРХДОГ БОЛСОН
 
Тэрээр Сингапурт Спорт, адал явдалт аялал жуулчлалын мэргэжлээр сурч төгссөн.  Сургуулиа төгсч ирээд Монголынхоо хоёр ч аялал жуулчлалын компанид ажиллаж үзжээ.  Гэхдээ түүний хүсэл мөрөөдөл нь биш байсан юм.  Тэрээр “Би хүнд тал засах дургүй.  
 
Монголын компаниудын удирдах арга барил, менежмэнт яагаад ч юм бэ миний дотоод хүнтэй зөрчилдөөд байсан юм. Тэгээд нэг л өдөр хамаг ажлаа хаяад аялалдаа гарсан даа” гэж байв.  Тэрээр 2006 оноос эхлэн одоогоор  дэлхийн 90 гаруй оронд дугуйтай аялаад байна. Зүүн Өмнөд Азийн улс орноос аяллаа эхэлж Араб,  Хойд Африкаар явжээ.  Аяллаа ганцаараа хийж дуусгасан бөгөөд энэ талаараа тэрээр “Хүмүүс надаас яагаад ганцаараа явдаг юм бэ, Аюултай осолтой юм биш үү гэж асуудаг. Надад ганцаараа явах нь илүү амар байдаг.  Өөрөө өөртөө л анхаарах болно.  Хүн дагуулахаар тэр хүнийхээ аюулгүй байдлыг давхар авч явах  болдог.  
 
Би аялалд гарахдаа хамгийн хэцүү улирал хүнд бэрх замыг сонгож явдаг учраас хэн нэгнийг дагуулж эрсдэлд  оруулахыг хүсдэггүй” гэж байв.  Ц.Мөнхчулуун аяллынхаа явцад Монголын аялал жуулчлалын ирээдүй ямар байх вэ гэдэг дээр судалгаа хийж, бусад улс орнуудаас  тагнуул хийх маягаар явсан гэнэ. Тэрээр “ Манай улсад төлөвлөгөөт аялал жуулчлал хөгжиж байна.  Гэхдээ дэлхий нийтийн аялал жуулчлалын хандлага үүнээс өөр болсон. Манай хоёр хөрш гэхэд жуулчлалдаа их анхаарч байна.
 
Хятад улсад гэхэд нэг жилийн хугацаанд 22 сая жуулчин иржээ.  ОХУ-д 12-15 сая. Тэгэхэд манайд 180 мянган жуулчин ирж байна.  Бидэнд санхүүгийн асуудал хүндрэлтэй байгаа нь үнэн.  Гэхдээ менежмэнт алга. Жуулчид юу хүсч байна, тэд аль замаар явж байна.  Яагаад манай улсыг тойроод байна гэдгийг судлах хэрэгтэй.  Мөн олон улсад аялал жуулчлалын тагнуулууд их сайн ажилламаар байна” гэж байв.  Түүнд аялал жуулчлалын менежмэнтээр хамгийн их таалагдсан газар нь Тайланд, Сингапур улс  гэнэ.  Харин сүүлийн үед Хятад улс хүч түрэн орж ирж байгааг дуулгалаа. Бидний яриа аялал жуулчлал дээр нэлээд төвлөрлөө.
 
Түүний ярианаас гарсан бас нэгэн сонирхолтой зүйл нь сүүлийн үед жуулчид Улаанбаатарын гэр хорооллыг үзэх сонирхолтой болсон гэнэ.  Ц.Мөнхчулуун “Манайд жуулчлал хөгжүүлэх боломж их байна. Үзэх зүйл ч их байна. Улаанбаатарт гэхэд гэр хороолол гэх брэндтэй боллоо.  Өнөөдөр гадны жуулчид гэр хорооллыг үзмээр байна гэж ханддаг.  Даанч жуулчдад гэр хорооллоор хоёр, гурваараа явахад аюултай. Энд бас л менежмэнт хэрэгтэй” гэсэн юм.   
 
 
 
ТҮҮНИЙ ДУГУЙН МӨР ГАРААГҮЙ ГАЗАР МОНГОЛД ХОВОР
 
Ц.Мөнхчулуун: Хорвоод мэндлэх бяцхан үрсийн төлөө дэлхийн долоон оргилд дугуйтайгаа гарах мөрөөдөл тээсэн.
 
 
 
Ц.Мөнхчулуун дэлхийн 90 гаруй орноор аялахын зэрэгцээ эх орныхоо үзэсгэлэнт газ­руу­дад дугуйтайгаа хүрсэн.  Алтай таван богд, Шилийн богд, Асралт хайрхан гээд түүний дугуйн мөр гараагүй газар Монголд ховорхон.   
 
2012 оны өвөл гэхэд Хөвсгөл нуурыг дугуйтайгаа бүтэн тойрсон байна.  Тэрээр  “Миний өнөөдрийн хүнд хэцүү аяллын эхний үр дүн удахгүй гарах бол язгуур зорилго нь магадгүй 20-30 жилийн дараа гарна.  Би тэр үед нийгэмдээ хэрэгтэй хүн байхыг хүсч байна. Өнөөдрөө аргацаасан байдалтай амьдрал надад хэрэггүй.  Хэрвээ би хар амиа бодсон бол гадаадад очоод амьдрах байх. Гэхдээ миний сэтгэл тэнд амар амгалан байхгүй нь ойлгомжтой” гэж байв.  Тэрээр эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг бөгөөд гэр бүлийн хүн нь тархины мэс заслын эмчээр ажилладаг байна.  Аялалд гарахад нь анхандаа дургүй байсан ч сүүлдээ түүний хүсэл мөрөөдлийг хүндэлдэг болсон гэнэ.  
 
Ийнхүү чаддаг зүйлээрээ сэтгэл өвтгөсөн нийгмийн нэгэн салбарын дуу хоолойгоо илэрхийлэх нь түүний чанар. Энэ удаад Сибирийн хойд хязгаар нутгийн -60 хэм рүү явахаар бэлтгэж байна. Тэсгим хүйтэнд амь өрсч, дэлхийн хамгийн хүйтэн цэг рүү зүтгэх түүнийг үнэхээр  “солиотой хүн” гэж бодохоор.  Гэхдээ түүний зорилго энэ дэлхийн хамгийн том утга учрыг тээсэн нь гайхалтай байлаа. Дугуйтай аялагч Ц.Мөнхчулуун бол үнэхээр экстрим аялагч ажээ. Танд амжилт хүсье.
 
 
Т.Батсайхан
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин