sonin.mn
БНХАУ-ын Шиамен хотноо энэ сарын 20-21-нд болсон Азийн оюутны спортын холбоо /АОСХ/-ны Ерөнхий ассамблейн хурлын үеэр өөрийн гишүүн холбоодын ажлыг дүгнэж шилдэг спортын холбоодоо шалгаруулжээ.
 
Энэхүү ажлын үзүүлэлтээр Монголын оюутны спортын холбоо /МОСХ/ тэргүүлж “Азийн шилдэг оюутны спортын холбоо”-гоор шалгарч, уг өргөмжлөлийг МОСХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Жаргалсайхан хүлээн авсан байна.
 
Тус хүндтэй шагналыг гардуулах ёслолд МОСХ-ны Ерөнхийлөгч Д.Баясгалан, Мон-Алтиус БТДС-ийн захирал М.Өсөхбаяр нар оролцсон юм. Ёслолын ажиллагаанд ОУОСХ-ны ерөнхийлөгч Олег Матыцин, ОУОСХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Сайнтрод, Ази тивийн 30 гаруй орны 150 орчим төлөөлөгчид оролцжээ.
 
Дашрамд дуулгахад, МОСХ нь 2010-2016 оны сонгуулийн жилд Азийн оюутны аварга шалгаруулах 20 тэмцээнд 238 төлөөлөгчийг илгээж, нийтдээ 8 алт, 10 мөнгө, 16 хүрэл медаль хүртжээ. Мөн эх орондоо 2012 онд эмэгтэй волейбол, 2016 онд эрэгтэй сагсан бөмбөгийн Азийн оюутны аварга шалгаруулах тэмцээн, Улаанбаатар хотноо 2015 онд АОСХ-ны Гүйцэтгэх хорооны хурал, семинарыг амжилттай зохион байгуулсан юм.
 
Д.Өлзий
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг