sonin.mn
Монголын бодибилдинг, фитнессийн холбоо /МБФХ/ нь 2013 оноос хойш ерөнхийлөгчгүй байсан бөгөөд уг холбооны ерөнхийлөгчөөр "Октобус консалтинг" компанийн гүйцэтгэх захирал Г.Анархүүг сонгожээ.
 
Тэрбээр, “Залуу хүний хувьд спорт холбоо удирдах амаргүй. Энэ саналыг хүлээн авч, үүрэг хариуцлага хүлээн ажиллах шийдвэр гаргахдаа спортын болон ойр дотны хүмүүстэйгээ сайтар зөвлөж, ярилцсан. Холбооны үйл ажиллагааг улам идэвхжүүлэхийн тулд олон ажил хийхээр төлөвлөж байгаа. Гол нь тамирчдаа яаж илүү дэмжих вэ гэдэг дээр анхаарна.
 
Бидний хамгийн ойрын тэмцээн ДАШТ байна. Энэ тэмцээнээс олон тамирчид амжилт дүүрэн ирнэ гэдэгт итгэлтэй байгаа. 2017 онд манай холбооны хувьд чухал жил байх болно. Учир нь Монгол Улсад анх удаа бодибилдинг, фитнессийн ДАШТ болох гэж байгаа. Үүнд бид маш сайн бэлтгэл, оролцож, зохион байгуулах үүрэгтэй.
 
Миний хувьд үргэлж спортод ойр байсан. Хөлбөмбөгт дуртай. “Улаанбаатарын унаганууд” багт тоглож байсан учраас спортын ялалт, ялагдлын амтыг мэдэрнэ. Өвөө маань Монголын морин спорт, уяачдын холбоонд 18 жил нарийн бичгийн даргаар ажилласан хүн бий. Тиймээс спортын төлөө ажиллахыг би амаргүй боловч сайхан ажил гэж үздэг” гэв.
Г.Анархүүгийн хувьд манай спортын холбоодыг удирдаж байгаа хамгийн залуу ерөнхийлөгч болж байна.
 
Дашрамд дуулгахад, Тайландын Бангкок хотноо 2016 оны бодибилдинг, фитнессийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдрөөс эхэлж байна. Тус тэмцээнд Монголын бодибилдинг, фитнессийн холбооны эрэгтэй 10, эмэгтэй зургаан тамирчин оролцохоор эх орноосоо мордлоо. Энэ удаагийн ДАШТ-д 59 орны 600 гаруй тамирчид оролцохоор мэдүүлгээ өгчээ. Бодибилдинг, фитнессийн ДАШТ нь нийт 36 ангилалд зохион явуулдаг бөгөөд манай тамирчид бодибилдинг, атлетик, фитнес, модель, спорт модель гэсэн төрлүүдэд оролцох юм.