sonin.mn
Дэлхийн сургуулиудын шатрын аварга шалгаруулах 16 дахь удаагийн тэмцээн ОХУ-ын Сочи хотод ирэх сарын 2-12-ны өдрүүдэд болно. Тэмцээнд оролцох Монгол Улсын баг тамирчдын ахлагч, олон улсын шатрын холбооны дасгалжуулагч, олон улсын мастер Ц.ЛХАГВАСҮРЭНТЭЙ ярилцлаа.
 
-Тэмцээнд Монголоос хэдэн тамирчин оролцохоор бэлтгэл сургуулилт хийж байна вэ?
 
-Манай улсаас 22 шатарчин, албаны 24 хүн явахаар мэдүүлгээ өгсөн. Жилийн эхнээс л энэ тэмцээнд оролцохын тулд хүүхдүүд хөтөлбөрийн дагуу бэлтгэл сургуулилт хийдэг. Дэлхийн сургуулиудын шатрын аварга шалгаруулах тэмцээнд нийтдээ 35 орны 502 сурагч зургаан насны ангилалд оролцох юм. Энэ тэмцээн дэлхийн өсвөрийн шатарчдын тэмцээнээс ялгаатай нь 7-17 буюу сондгой насныхан өрсөлддөг.
 
Манай улсаас оролцож байгаа шатарчид нас насандаа шилдгээр шалгарсан сурагчид бий. Уг тэмцээнд улсын аваргын медальтан, олон улсын тэмцээн, Азийн аваргаас шагнал хүртсэн шатарчид орол-цоно. Тухайлбал, дэлхийн сурагчдын аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт Л.Очирбат, Азийн аварга М.Пагма-дулам, Азиас шагнал хүртэж байсан Т.Хүслэн зэрэг турш-лагатай шатарчдыг нэрлэж болно
 
-Монголын баг тамирчдын ахалж явах дасгалжуулагчийн хувьд   юунд илүү анхаарал хандуулан ажиллаж байна вэ?
 
-Тэмцээнд оролцох сурагчдын олонх нь дасгалжуулагчтайгаа явж байна. Дасгалжуулагч нь Монголд үлдэж байгаа сурагчид интернэтээр холбоо барьж заавар зөвлөгөө авна. Тиймээс тэд-ний дасгалжуулагчтайгаа холбоо барьж чадаж байгаа эсэхэд анхаарал хандуулна. Тэмцээн есөн өдөр үргэлжилнэ. Энэ тэмцээнтэй зэрэгцэж нэгэн сонирхолтой үйл явдал болж байгаа нь дэлхийн шатрын аварга шалгаруулах тэмцээн юм. Америкийн Нью-Йорк хотод болж байгаа дэлхийн аварга Норвегийн шатарчин аваргаа хамгаалж үлдэх үү, Оросоос шинэ аварга төрөх үү гэдэг нь дэлхий нийтийн анхаарлыг ихэд татаж байгаа.
 
-Шатар тоглож сурах хүсэлтэй хүүхэд олон болсон байна. Үүнийг дагаад Монголын өсвөрийн шатарчдын чансаа ахиж байна. Мэргэжлийн дасгалжуулагчийн хувьд энэ талаар ямар бодолтой явдаг вэ?
 
-Сүүлийн жилүүдэд манай шатарчдын амжилт маш сайн байгаагийн дээр Монголын шатрын холбооноос баримталж байгаа бодлого зөв байгаагонцлох хэрэгтэй. Бас эцэг эхчүүд хүүхдээ шатраар хичээллэхэд тусалж дэмжиж байгааг онцолмоор байна. Ер нь өсвөрийн шатарчдыгбэлтгэх боломж дасгалжуулагчдын хувьд бүрэн бий. Ганцхан нарийн, зөв бодлого хэрэгтэй. Багш дасгалжуулагчдаа ч чанаржуулж бэлтгэх шаардлагатай. Нуулгүй хэлэхэд манай охид тэмцээнд оролцсон амжилтаараа илүүрхэж байна.
 
-Монголын шатарчид бусад орны тамирчдаас юугаараа ялгардаг вэ?
 
-Маш сэргэлэн. Дээр нь ген сайтай гэж хэлж болно. Тэмцээний үеэр шатарчдыг ажиглахад тухайн нөхцөлд яаж тоглохоо асар богино хугацаанд сэтгэн бодож чаддаг, дасан зохицох чадвар сайтай. Шатрыг монголчууд ухаантай хүний тоглоом гэж хэлдэг. Энэ талаас нь авч үзсэн ч монгол хүүхдүүд ухаантай. Бидэнд ийм сайхан өгөгдөл байхад хүүхдүүдээ зөв залж өгвөл ямар ч амжилтад хүрэх бүрэн боломжтой.
 
Энэ тал дээр ч Монголын шатрын холбооноос нарийн бодлого баримталж байгааг хэлэх нь зүйтэй .Манай шатрын холбооны ерөнхийлөгч өөрөө шатарчин хүн, Азийн шатрын холбооны удирдах зөвлөлд багтдаг. Тиймээс ч эх орондоо 16 хүртэлх насныхны олимпиад, Азийн аваргыг зохион байгууллаа. Ирэх онд олон улсын тэмцээн Монголд зохион байгуулах бодол бий.
 
-Хүүхдүүд дөрөв, таван наснаасаа шатраар хичээллэж байна. Энэ нь шатраар хичээллэхэд хэр оновчтой нас вэ?
 
-Олон улсын хандлага их залуужсан. Одоо дэлхийд үлгэр жишээ болж байгаа Оросын шатарчин хүүхдүүдийн ярьж байгааг сонсоход таван наснаас шатраар хичээллэхэд оройтсон байдаг гэнэ. Тиймээс дөрөв, таван наснаасаа шатраар хичээллэхийг “Эрт байна” гэж хэлэхгүй. Хүүхэд багаасаа шатраар хичээллэхэд багш дасгалжуулагч, эцэг эхчүүдийн хамтын ажиллагаа их шаарддаг.
 
Сонирхуулж хэлэхэд, Оросын 10 настай дэлхийн аварга хүүхэд хоёр дасгалжуулагчтайгаас гадна сайн ивээн тэтгэгчтэй байна. Үүний дээр Оросын шигшээ баг нэгээс хоёр мэргэжлийн дасгалжуулагчтай явдаг. Шатраар хичээллэж байгаа хүүхэд чөлөөт графикаар хичээлдээ явдаг байх жишээтэй. Оюуны өндөр ачаалалтай явдаг учраас тэмцээний дараа шатарчдаа амраахад ихээхэн анхаарал хандуулдаг. Гэтэл манайд ийм нөхцөл байдаггүй. Болдогсон бол хүүхдүүдийг усан спортоор хичээллүүлмээр байдаг юм.
 
-Манай өсвөрийн шатарчдын дунд төрөлхийн авьяастай хүүхэд олон байна уу?
 
-Хүүхдүүдийг нэг бүрчлэн нэрлэхэд хэцүү. Ерөнхийдөө олон улсын тэмцээнд амжилттай яваа шатарчдыг дэлхийн төвшинд гарч ирсэн гэж ойлгож болно. Ялангуяа найман настай шатарчид дэлхийн хэмжээнд байна. Гэхдээ энэ үед зарим зүйлээс шалтгаалж хүүхдийн оролцоо багасч эхэлдэг. Жишээлбэл, эдийн засаг нөлөөлнө. Улсын анхаарал, бодлогоос эхлээд олон асуудалтай тулгардаг. Яагаад Энэтхэг, Хятадад шатар эрчимтэй хөгжөөд байна. Учир нь, эдгээр улс шатрын спортыг хөгжүүлэх 4-10 жилийн төлөвлөгөөтэй байдаг. Мөн гадаадаас чадварлаг дасгалжуулагчийг урьдаг.
 
-Манай шатрын холбооныхон гадаадын дасгалжуулагчдыг урьдаг уу?
 
-Энэтхэгийн шигшээ багийн дасгалжуулагчийг өнгөрсөн наймдугаар сард 20 хоног авчирсан. Энэ ажил үр дүнтэй байсныг Солонгост болсон тэмцээн харууллаа. Удахгүй бид Грекийн их мастерыг авчрахаар гэрээ хийж байна.
 
-Гадаадаас дасгалжуулагч авчрах төлбөр мөнгийг Монголын шатрын холбооноос гаргадаг уу. Эсвэл аль нэг байгууллага тусалж дэмждэг үү. Нэг дасгалжуулагч авчрахад хэчнээн төгрөг зарцуулдаг вэ?
 
-Улсаас тодорхой хэмжээгээр дэмждэг. Бүр нарийн яривал эцэг эхчүүдийн нуруун дээр ачаа болж явдаг гэж ойлгож болно. Гадаадаас дасгалжуулагч авчрах зардлыг нарийвчлан хэлэхэд хэцүү. Энэ талаарх мэдээллийг харахад Оросын сайн дасгалжуулагчаар хичээл заалгахад цагийн 50-100 ам.доллар байдаг. Манайхны хувьд дасгалжуулагчтай ярилцаж аль болох хямд зардлаар авчрахыг хичээдэг.
 
-Шатарчдынхаа амжилтаар дэлхийд ямар улс тэргүүлдэг вэ. Монгол хэддүгээрт эрэмбэлэгдэж байгаа бол?
 
-Олон улсын шатрын холбоонд 200 гаруй улс нэгдсэн байдаг. Тэмцээн уралдаанд үзүүлж байгаа амжилтаар манай улс 40 орчимд явна. Дэлхийн хэмжээнд яривал Орос, Хятад, Америк, Энэтхэг, Украин, Армени, Герман зэрэг хүчтэй орон бий.
 
-Та Орост дасгалжуулагчийн мэргэжил эзэмшсэний хувьд тэдний шатарчдаа сургадаг бэлтгэл сургуулилтын онцлогийн талаар сонирхуулаач. Ямар арга барилаар хичээллээд Оросын шатарчид дэлхийд нэр хүндтэй байна.Зарим орон Оросын дасгалжуулагчдыг авч ажиллуулж амжилтад хүрэх юм?
 
-Оросууд шатрын спортыг мэргэжлийн хэмжээнд хөгжүүлж чадсан. Тэдний шатрын сургалтыг би пирамидаар дүрслэх дуртай. Учир нь, пирамидыг тоосгоор барьсан гэж бодоход тэнд ямар нэгэн сул тоосго байдаггүй. Шатарчдаа цэцэрлэгт байхаас нь эхлээд сайн бэлтгэдэг. Барууны шатарчид ч гэсэн өөрийн гэсэн пирамидтай. Гэхдээ л тэнд сул тоосго байдаг. Өөрөөр хэлбэл, тэдэнд дутагдалтай тал байна гэсэн үг юм. Таны хэлснээр тэд Орос гаралтай дасгалжуулагчтай ажилладаг. Хятадын шатарчин, дэлхийн аварга Хоу И Фань Украин дасгалжуулагчаас зөвлөгөө авдаг байх жишээтэй.
 
-Оросын сургалт гэж яг юуг хэлээд байна вэ? 
 
-Оросын шатрын сургуулилтад сайн уламжлал байна. Бас тогтсон зүйл ч бий. Жишээ нь, тухайн шатарчин 15 настайдаа 2550-2600-гийн чансаанд хүрэхгүй бол амжилтад хүрэхгүй гэж үздэг. Харин Энэтхэг, Хятад, Америк зэрэг улс шатарчдадаа олон шалгуур тавьж өрсөлдүүлдэг. Америк нэг онцлогтой. Америкчууд нэгдүгээр байрт зогсдог хүнд л дуртай. Хоёрдугаарт байгаа хүнийг 100-д байгаатай адилхан гэж үздэг.
 
-Зарим тэмцээнийг үзэхэд манай шатарчид сэтгэл зүйн бэлтгэлгүйгээс хожигдож байгаа харагддаг. Ер нь шатарчид сэтгэл зүйн зөвлөгөө хэр авдаг вэ. Энэ тал дээр хэрхэн анхаардаг бол?
 
-Дасгалжуулагчид шатарчидтайгаа ажилладаг. Яг шатарчдад зөвлөгөө өгдөг мэргэшсэн сэтгэл зүйч ховор байдаг. Дэлхийн шилдэг тамирчид сэтгэл зүйчтэйгээ тэмцээнд оролцдог. Тиймээс энэ тал дээр манайхан анхаарах хэрэгтэй. Шатар өөрийн гэсэн онцлогтой спорт. Жүдо, чөлөөтийн бөхчүүд нэг өдөрт ялах, ялагдахаа шийдвэрлэдэг. Харин шатар олон хоног тоглож аваргаа тодруулдаг. Ингэж олон хоног тоглоход тамирчны сэтгэл зүй ямар байхаас тэмцээний дүн их хамаардаг. Манай тамирчин, дасгалжуулагч хоёр чадвартай. Гэтэл тэдэнд нэгдмэл чанар дутагддаг. Энэ нь ганц шатар бус спортын бүх төрөлд хамаатай.
 
-Шатрыг цусгүй тулаан гэдэг. Ийм тулаанд ороход тамирчиндаа юу гэж зөвлөдөгвэ?
 
-Хөлгийн ард тоглож байхдаа шатарчид өрсөлдөгчөө хөнөөхөд бэлэн байдаг гэж шилдэг шатарчид ярьдаг. Харин тэмцээн дууссаны дараа гар барьснаар бүх зүйл мартагддаг гэдэг. Тийм сэтгэл зүйг бий болгож чадаагүйгээрээ дэлхийн аварга болж чадаагүй шатарчин байдаг гэж хүмүүс ярьдаг.
 
-Дасгалжуулагч хүний хувьд арван жилийн дараах Монголын шатарчдын ирээдүйг хэрхэн төсөөлж байгаа вэ?
 
-Улсын эдийн засаг, банк санхүүгийн байдал хэр хүчирхэгжинэ, түүнийг дагаад шатрын спорт хөгждөг. Тиймээс ирээдүйд дэлхийд гайхагдсан шатарчид Монголоос төрнө гэдэгт итгэж байна. 
 
Б.Сэлэнгэ
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин