sonin.mn
Монголын Дугуйн холбоо /МДХ/-ны ээлжит Их Хурал болж тус холбоо сүүлийн жилүүдэд хийсэн ажлаа дүгнэж, цаашдын төлөвлөгөөг хэлэлцэж баталлаа.
 
Энэ үеэр МДХ-ны Ерөнхийлөгч Ж.Батзандан “МДХ нь 2013 онд 16 тэмцээн, 2014 онд 26 тэмцээн, 2015 онд 29 тэмцээн, энэ онд 33 тэмцээн зохион байгууллаа. Гадаадад 2013 онд 7 тэмцээнд оролцсон бол 2014 онд 10, 2015 онд 12, 2016 онд 5 тэмцээнд амжилттай оролцсон. Холбооны салбар холбоо, клубүүд 2014 онд 16 байсан бол 2015 онд 27 болтлоо өргөжиж,  энэ онд шинээр СБД-ийн Өсвөр үеийн шигшээ баг болон АНУ дахь Монгол дугуйчдын холбоо байгуулагдлаа.
 
Өнгөрсөн 4 жилд спортын дэд мастер 22, Спортын мастер 9, ОУХМ 5 төрж 60 жилийн түүхэндээ анхны эмэгтэй Азийн аваргаар 2013 онд Т.Энхжаргал тодорлоо. Мөн 2016 онд Б.Марал-Эрдэнэ Залуучуудын Ази тивийн анхны аваргаар болов. Швейцарь улсад болсон дугуйн тойрог замын залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монгол Улсын тамирчин, ОУХМ Б.Тэгшбаяр  алтан медаль хүртэж  Монголын дугуйн спортын түүхэнд Дэлхийн аварга цол хүртсэн анхны тамирчин боллоо. Ийнхүү бидний амжилт буухиалсаар байна хэмээн онцлов.
 
Мөн дугуйн зам байгуулахад анхаарч ажилласнаар Нарны замын дугуйн зам, цэцэрлэгт хүрээлэн, Бэлхи-Сэлбийн дугуйн зам, Дүнжингараваас Амгалан орох дугуйн зам, 10 дугаар хорооллын далангийн зам, Сонсголонгын дугуйн зам,19 дүгээр хорооллоос Маршалын шулуун хүртэлх дугуйн зам, 7 буудал- Шарга морьтын дугуйн зам, Хүй 7 худаг дахь дугуйн замууд тавигджээ. Хөдөө орон нутагт Эрдэнэт, Баянхонгор аймагт дугуйн замтай болсон байна.
 
Д.Өлзий
Эх сурвалж:"Монцамэ" агентлаг