sonin.mn
ЛОНДОН./BBC/. 19 улсын сэргээштэй тэмцэх үндэсний агентлагуудын /NADO/ тэргүүн нар олон улсын шинж чанартай тэмцээнүүдэд ОХУ-ын тамирчдыг оролцуулахгүй байх, олон улсын тэмцээн уралдааныг тус улсад зохион байгуулахгүй байхыг шаардлаа.
 
Ийм шаардлагыг Австри, Бельги, Герман, Дани, Ирланд, Испани, Канад, Нидерланд, Польш, Словен, АНУ, Финланд, Франц, Хорват, Швейцарь, Швед, Эстони, ӨАБНУ болон  Японы Сэргээштэй тэмцэх агентлагуудын удирдагчид Дублин хотод болсон уулзалтын үеэр тавьжээ.
 
Сэргээшийн хяналтын найдвартай тогтолцоо бий болоогүй цагт Оросын спортын байгууллагуудын эсрэг авсан хориг үйлчилсээр байх ёстой. Хэрвээ энэ тал дээр шинэчлэл хийгдэхгүй бол Оросын тамирчид улсынхаа нэрийн өмнөөс бус харин бие даан тэмцээнд оролцох хэрэгтэй гэж агентлагуудын тэргүүн нар үзжээ.  
ОХУ-ын хувьд биатлоны Дэлхийн цомын тэмцээнийг зохион байгуулахаас татгалзаж, тэшүүрийн Дэлхийн цомын ээлжит гарааг явуулах эрхээ хасуулсан юм. Түүнчлэн бобслейн ДАШТ-ийг өөрийн оронд явуулах боломжийг Оросын тал алдлаа.
 
Энэ бүхний шалтгаан нь өнгөрсөн оны 12 дугаар сарын 9-нд Канадын хуульч Ричард Макларенаар удирдуулсан шинжээчдийн комисс Оросын спорт дахь сэргээшийн асуудлаарх илтгэлтэй холбоотой юм.
 
Уг илтгэлд дурдсанаар, Оросын 1000 гаруй тамирчид 2011-2015 оны хугацаанд сэргээшийн сорилтой холбоотой хууран мэхлэх луйврын ажиллагаанд хамрагджээ. Оросын засгийн газрын дэмжлэгтэйгээр спортын 30 гаруй төрөлд сэргээшийн сорилыг сольж тавих системийг хэрэгжүүлж байсан байна.
Харин Оросын албаны хүмүүс Макларены илтгэлд дурдсан зүйлүүдийг эрс үгүйсгэж байгаа юм.
 
Б.Адъяахүү
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг