sonin.mn
ВАШИНГТОН. /VOA/. Ерөнхийлөгч Барак Обама АНУ-ын хамгийн өндөр дээд шагнал болох "Ерөнхийлөгчийн нэрэмжит Эрх чөлөөний одон"-г Жо Байденд гардуулан өгөхдөө, түүнийг “бидний мэдэх хамгийн сайн дэд ерөнхийлөгч” гэж тодорхойллоо.
 
АНУ-ын хамгийн дээд шагналын эзнийг Б.Обама зарлах мөчид найман жилийн турш баруун гар нь болж явсан Ж.Байден цочин давхийжээ. Ж.Байден камераас холдож, нулимсаа арчаад одонгоо авахаар индэрт гарсан байна.
 
Халаагаа хэдхэн хоногийн дараа өгөх гэж буй Б.Обама Америкийн хамгийн нэр хүндтэй шагналаар өөрийнхөө баруун гар болж явсан хүнийг шагналаа. 
Одон авсны дараа Ж.Байден ярилцлага өгөхдөө “би цаашид ч Ардчилсан намынхаа улс төрийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцоно” гэжээ.
Жо Байдены сэтгэл хөдлөн нулимс дуслуулж байгааг харуулсан зургуудаар твиттер хуудсууд дүүрсэн байна.
 Ерөнхийлөгчийн нэрэмжит Эрх чөлөөний одон
  • АНУ-ын хамгийн нэр хүндтэй дээд шагнал
  • 1963 онд Ерөнхийлөгч Жон Ф.Кеннеди “Эрх чөлөөний одон”-г халж, оронд нь “Ерөнхийлөгчийн нэрэмжит Эрх чөлөөний одон”-г бий болгожээ.
  • АНУ-ын аюулгүй байдал, үндэсний эрх ашиг, дэлхийн энх тайвныг хамгаалах, соёл болон нийгмийн үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулсан хүмүүсийг энэ одонгоор шагнадаг
  •  Улс төр, бизнес, цэрэг, дуу хөгжим, кино болон сэтгүүл зүйн салбарынхан голдуу хүмүүс энэ шагналыг хүртээд байна.        

 

Г.Доржханд 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг