sonin.mn
Боксын спортын Монгол Улсын ХХ зууны манлай, гавьяат дасгалжуулагч, Вандуйн Батбаярын нэрэмжит сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн 2017 оны Улсын аварга шалгаруулах тэмцээн Спортын төв ордонд болж шилдгүүдээ тодрууллаа.
 
Энэ тэмцээнд нийт 39 багийн 201 тамирчин  эмэгтэй найм, эрэгтэй есөн жинд хүч, ур чадвараа сорин өрсөлдсөн юм. Монголын боксчид ямагт улс орныхоо нэрийг тив, дэлхий, олимпийн дэвжээнд гаргаж, олон арван алт, мөнгө, хүрэл медальтныг төрүүлсээр байгаа нь яах аргагүй Монголын топ спортын нэг болгож ирсэн түүхтэй билээ.
 
Манай боксын тамирчид “Бээжин-2008”, “Лондон-2012”, “Рио-2016” гэсэн сүүлийн гурван олимп дараалан медаль хүртээд байгаа амжилтаараа топ спортын төрлүүдээ манлайлж яваа амжилтаар нь монголчууд бахархаж байна.
 
Энэ жилийн УАШТ-ий хувьд  сүүлийн хоёр жил дараалан 56 кг-д хүч үзэж, аваргалсан Риогийн олимпийн наадмын тавдугаар байр эзэлж байсан ОУХМ Э.Цэндбаатар жин өгсөж 60 кг-д өрсөлдөж өнгөрсөн олимпийн наадмын хүрэл медальт, Азийн наадмын аварга, Ази тивийн аварга МУГТ Д.Отгондалайг шигшээд 3:2 гэсэн оноогоор ялсан юм. Ийнхүү 60 кг-д шинэ аварга төрсөн бол 56 кг-д залуу тамирчин Б.Мишээл, “Рио 2016” олимпийн наадамд 52 кг-д өрсөлдсөн Х.Энх-Амарыг 5:0 гэсэн оноогоор хожиж, анх удаа Монгол Улсын аварга боллоо.
 
 
Энэ мэтээр ямагт амжилтаараа улсдаа тэргүүлж байдаг манай ширэн бээлийтнүүдийн шинэ үеийн төлөөлөл хүч түрэн орж ирж байгааг 2017 оны УАШТ-ий олон тулаанууд нотлон харууллаа. Монголын боксын холбоо өнгөрсөн жилийн ажлаа тайлагнасан энэ удаагийн УАШТ-ий дараа буюу өнөөдөр өглөө МҮОХ-ны байранд МБХ-ны ээлжит Их хурлаа зохион байгуулан хуралдуулж байна. Өнөөдөр “Токио-2020” зуны олимпийн наадамд улс орноо төлөөлөн оролцох боксын Үндэсний шигшээ багаа байгуулж, олимпийн циклийн бэлтгэл сургуулилтандаа орох нь эн тэргүүний зорилт билээ.
 
Ирэх жилүүдэд болох олон улс, тив, ДАШТ-нүүдэд амжилттай оролцох болон холбооны бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт, шинэчлэлт, санхүүжилт зэрэг олон асуудлыг тус их хурлаар эцэслэн шийдвэрлэж, амжилтын төлөөх үйлсдээ ханцуй шамлан орох юм.  
 
Одоо та бүхэнд 2017 оны УАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальтнуудаа жин тус бүрээр нь танилцуулж байна.  Эрэгтэйчүүдийн 49 кг-д аваргын алтан медалийг Г.Ган-Эрдэнэ /"Хилчин" спорт хороо/ хүртэж, 6 дахь түрүүгээ авсан бол  мөнгөн медалийг Х.Энхмандах /"Алдар" спорт хоро/, хүрэл медалийг Х.Азбаяр /"Эрдэнэт бокс" клуб/, Ц.Жамъяанбат /Ко Сэ/ тус тус хүртэв. Харин 52 кг-д М.Гандулам /Хилчин/ алт, А.Нурлан /Баян-Өлгий/ мөнгө, Т.Энхтөр /Баянхонгор/, Ц.Батнасан /Хөх чоно/ нар хүрэл медаль хүртэв. 56 кг-д алтан медалийг Б.Мишээлт /Аврагч/, мөнгөн медалийг Х.Энх-Амар /Алдар/, хүрэл медалийг Б.Төмөрхуяг /Барселона/, Б.Төгөлдөр /Ширэн бээлий/ нар хүртлээ.
 
60 кг-д Э.Цэндбаатар /Сүлд/ алт, Д.Отгондалай /Хилчин/ мөнгө, О.Батхүү /УБ про/, Ц.Пүрэвсүрэн нар хүрэл медалийн эзэд боллоо. Харин 64 кг-д Б.Чинзориг /”Ариг” банк, “Алдар” спорт хороо/ алт, Г.Баярхүү /”Ширэн бээлий” клуб/ мөнгө, М.Батбаяр /Баянхонгор/, Л.Эрдэнэбаяр /Улаан ирвэс/ нар хүрэл медалийн эзэд болов. 69 кг-д Б.Түвшинбат /Хүч/  О.Батзориг /Сүлд/, Б.Батзориг /Баянгол/, Б.Сүххуяг /Хангарьд/ нар алт, мөнгө, хүрэл медалийн эздээр тодорлоо.
 
 
75 кг-д Ж.Отгонжаргал /”Аврагч” спорт хороо/, Б.Эрхэмбаяр /”Хилчин” спорт хороо/ нар алт, мөнгө, Л.Жоламан /Баян-Өлгий/, М.Энхбаяр /Ирвэс/ тус тус хүрэл медаль хүртсэн бол 81 кг-д Н.Шинэбаяр /Алдар/ алт, Б.Содгэрэл /Хөх чоно/ мөнгө, А.Бат-Очир /Хилчин/, Г.Мандахтөр /Хаялга/ нар медальтнууд болов. ”Боди макс” клубын С.Эрдэнэбаяр 91 кг-д алт, Б.Ганбаяр /”Хилчин” спорт хороо/ мөнгө, Д.Отгонбаяр /Монгол мастер/ болон Л.Зоригтбаатар /Хаялга/ тус тус хүрэл медальтан болов. Хамгийн хүнд жин +91 кг-д Т.Чулуунтөмөр /Хилчин/ аваргын алтан медаль хүртсэн бол Т.Ерболат /Алдар/ мөнгө, Д.Идэрбат /Зевс/, Б.Агарзандан /Сүлд/ нар хүрэл медалийн эздээр шалгарлаа.
 
Эмэгтэйчүүдийн 48 кг-д О.Жаргалан /Мон-Эрч/ аваргалж, Ж.Нямсүрэн /Хангарьд/ мөнгө, Б.Нуржамила, Д.Дэлгэр-мөрөн нар хүрэл медаль хүртсэн бол 51 кг-д М.Нандинцэцэг /Зевс/, Л.Алтанцэцэг /Талын бүргэд/, Б.Мөнгөнсаран /Эрдэнэт бокс/, М.Энхжаргал /Алдар/ нар алт, мөнгө, хүрэл медалийн эзэд болов.
 
Харин 54 кг-д  Н.Оюун-Эрдэнэ /Алдар/, М.Гүндэгмаа /Хилчин/, Д.Шинэцэцэг, Э.Мичидмаа нар эхний байрт тус тус шалгарсан бол 57 кг-д М.Намуун /Эрдэнэт бокс/ - 17 настай, Улсын хошой аварга болов. О.Лхагвацэцэг /Зевс/ мөнгө, Д.Нандинсувд /Алдар/, П.Болорчимэг /Алдар/ нар хүрэл медалийн эзэд болов.
 
У.Шинэцэцэг /Талын бүргэд/ 60 кг-д тэргүүлж, З.Уянга /Эхлэл/ мөнгө, Р.Отгонбаяр /Баянхонгор/, Г.Золжаргал /Алтан бээлий/ тус тус хүрэл медаль хүртлээ. Харин 64 кг-д Н.Баянцэцэг /Эхлэл/, Л.Ангараг /Талын бүргэд/, Х.Оюунгэрэл /Улаан ирвэс/, Б.Хонгорзул /Эрдэнэт бокс/ нар эхний байрт шалгарсан бол 75 кг-д М.Мягмаржаргал /Ширэн бээлий/, Э.Эрдэнэтуяа /Талын бүргэд/, Удвал /Улаан ирвэс/, Цэлмэг нар медалийн эзэд боллоо.
 
Д.Өлзий
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг