sonin.mn
МОСКВА./TASS/. Испанийн хөлбөмбөгийн “Барселона” клубын удирдлага Аргентиний довтлогч Л.Месситэй байгуулсан гэрээгээ 1 дүгээр сар дуусахаас өмнө сунгах бодолтой байна.
 
Хэд хэдэн клуб Мессиг авахаар сонирхож байгаа тухай мэдээлэл гарсны дараа “Барселона”-гийн удирдлага 29 настай Месситэй хийж буй хэлэлцээгээ түргэтгэхээр шийджээ. Хятадын хэд хэдэн клуб тодорхой хэмжээний мөнгийг Мессид амласан бол Английн “Манчестер Сити” клуб 100 сая фунт стерлинг санал болгосон тухай мэдээлэл тарсан байна.
 
Үүнтэй холбогдуулан “Барселона”-гийн ерөнхийлөгч Хосеп Бартомеу хэлэхдээ “хэлэлцээний явцыг би хянаж байгаа, тайван байж болно. Месси "Барселона"-даа үлдээсэй гэж бид бүгдээрээ хүсч байгаа” гэлээ.
 
Лионель Месси 13 настайдаа “Барселона”-д иржээ. Тэрбээр тус клубын бүрэлдэхүүнд багтан Испанийн аваргаар 8 удаа шалгарч, Испанийн цомыг 4 удаа хүртэж, Аваргуудын лигт 4 удаа түрүүлсэн байна. Түүнчлэн дэлхийн шилдэг хөлбөмбөгчинд олгодог “Алтан бөмбөг” шагналыг 5 удаа хүртэж байв.
Энэ улиралд Месси “Барселона”-гийн бүрэлдэхүүнд 24 тоглолт хийж, 27 гоол оруулснаас гадна 9 оновчтой дамжуулалт хийжээ.
 
Б.Адъяахүү
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг