sonin.mn

Монгол улсын Арслан М.Мөнгөний арслан цолтнуудынхаа бэлтгэл, барилдааны талаар болоод өөрөө тэдэнтэй хамт бэлтгэл хийхдээ хэрхэн суралцаж байсан тухайгаа 1996 онд онцолсон нэгэн сонирхолтой тэмдэглэлийг хүргэж байна.

Монгол улсын арслан У.Мижиддорж:
Миний бие залуу бөх байхдаа Мижээ арслантай анх удаа Туулын шугуйд өдрөөр ирж очингоо зодог шуудагтайгаа “ноцолдон" бөх хүний ёс жаяг, мэхийн хувилбаруудаас заалгаж суралцаж байсан болой. Арслан ер нь бэлтгэлээс их зүйл санаа авдаг хэмээн зөвлөдөг. Ямартаа тэрбээр Ж.Мөнхбат аваргыг заан цолтой байхад нь цас ханзрах үеэр Туулын эрэг дээр очиж барилдан бие биенээсээ харилцан суралцаж байсны үр дүнд  Ардын хувьсгалын 42 жилийн ойгоор Мөнхбаттайгаа үзүүр түрүүнд үлдсэн гэдэг.

Монгол улсын арслан Ц.Бадамсэрээжид:
Бид сорилго хамт хийж байгаагүй. Намайг арслан цол авчихсан хойно “Чи гуядахдаа, тохойгоо дарахгүй хариу мэхэнд ороод байна” гэж зөвлөдөг байсан. Би даанч арслангийн зөвлөснөөр тохойгоо сайн дарж гуядаж сураагүй л дээ. Гэсэн ч арслан цолыг авч, аварга цолоо алдсан гуядах мэхэндээ би их хайртай...

Монгол улсын арслан Л .Сосорбарам:
Сорилгын үед арслангийн гол арга барил нь өөрлүүгээ зав чөлөө өгүүлэхгүйгээр олон бөх дайруулдаг байсансан. Зарим нь энэ дайралтанд 4-5 бөх оруулаад хэлээ унжуулаад хэвтчихдэг бөх бишгүй л байлаа. Дээрх дайралтыг бүгдийг давж гарсан бөх тэсвэр хатуужил суудаг гэж зөвлөдөг юм. Тэрбээр наадмын өмнөх 7 хоногт хүчтэй барилдаан хийгээд сүүлийн хоног амарчих, барилдааны ир орж ирнэ гэдэгсэн.

Монгол улсын арслан Г.Дэмүүл:
Сонгины амралтанд Дэмүүл арслан тэргүүтэй Өмнөговийн бөхчүүдтэй наадмын бэлтгэлд хамт гарч байсан. Тэдний гал бидэнтэй хамтарч бэлтгэл хийдэггүй. Тэд нар “Зил-130” машинаа “хөлөглөж” алс зайдуу гарч бэлтгэл хийдэг байсан юм. Би арслантай уулзаж хүчтэй гуяддагийг нь заалгах гэж бишгүй суралцаж явсансан. Үүний үр дүнд газраас хүчтэй хийрүүлж татдагийг нь заалгаж сурсан даа.

Монгол улсын арслан Ж.Чойжилсүрэн:
 Би Ардын хувьсгалын 50 жилийн ойгоор дөрвийн даваанд Чойжилсүрэн арсланд амлуулж барилдаад хавируулан унасан боловч 61 жилийн ойгоор анх арслантай сорилго хийсэн жилээ үзүүрлэсэн болохоор ихэд бэлгэшээж, хүндэтгэж явдаг даа. Арслан надад зөвлөхдөө хүн өөрийн эзэмшсэн мэхээ дархан болгохын тулд олон зуу дахин давтах хэрэгтэй. Би цохих мэхээ давтсаар байгаад гутлын улаа задалж байсан даа гэдэгсэн. Арслангийн нэг онцлог тал нь наадам бүрээр шинэ зодог шуудаг өмсөж барилдвал хийморь сэргэдэг гэдэг юм.

Монгол улсын арслан Ж.Хайдав:
Сорилгын үед арслан ер нь барилдахгүй тал дээрээ хүн шүү дээ /Мөнхбат аварга маягийн арга барилтай/. Бэлтгэлийн үед бусад бөхчүүдийн барьц, мэхийн хувилбарыг айхтар мэдрэмжтэй зааж өгнө шүү дээ. Ардын хувьсгалын 50 жилийн ойгоор ид хав нь гайхагдаж, хүрчигнэж байсан Д.Галдандагвын баруун хөлийг толгой дотуур шүүрч, дэрлэж хаясансан. Арслан ер нь дэгээ ачаанд унадаггүй онцлогтой бөх л дөө.

Монгол улсын арслан Ө.Эрдэнэ- Очир:
Бэлтгэл дээр Эрдэнэ-Очир арслан өөр шигээ бариа тавиан дээр огцом хэд сайн барилдаж ойччихоод, зодгоо тайлаад шогшоод гүйгээд байдаг онцлогтой бөх. Тэрбээр ид байхдаа барилдаж үзье  гэсэн бөхтэйгээ заавал барилдаж байж санаа нь амардаг байсан гэдэг. Ямартаа ч дархан аварга Д.Цэрэнтогтохыг начин болсны дараа жил нь 5-ын даваанд амлаж харцагадаж тэвэрчихээд яваад өгч байсан. Арслан наадмын үеэр надтай нэг бус удаа барилдах санал тавьж байсан боловч би эвтэйхэн бултаад өнгөрөөдөг байлаа. Түүний хобби нь нөхөдтэйгээ “муушиг” тоглох их дуртайсан.

Монгол улсын арслан П.Дагвасүрэн:
 Сорилгын үед арслангаар бусад бөхчүүдтэй барилдах мэхийн хувилбарууд их заалгана шүү дээ. Чимх чимхээр хүний санаагүй их зүйлийг хэлж өгдөгсөн. Дагваа арслангийн зодогноос барина гэж лав байдаггүй юм. Өөрөө ч зодогноос нэг их бариад байхгүй, эрхий долоовор хуруугаараа чимхэж атгаж явж байгаад хавсарчихна шүү дээ. Арслан надад зөвлөхдөө хүний хийдэг мэхийг их бодох хэрэгтэй, мэхээ хийхэд нь урьдчилан хариулт мэх бодсон бай гэдэгсэн. Тэрээр өглөө бүр өндөр уулан дээр гарч 3 удаа чанга хашгирч, малгайгаа авч 3 удаа сэгсэрч өмсөөд бууж бай гэдэг аавынхаа захиасыг ягштал биелүүлдэг нэгэн билээ.

Монгол улсын арслан Б.Ганбаатар:
Би арсланг дунд сургуулийн сурагч байхад нь СТО-нд дагуулж ороод үзэгч дунд алдчихдаг байсан юм. Гэтэл тэр маань хүмүүсийн барилдааныг хараад судлаад байсан юм билээ. Ганбаатар бол хурдтай, хүчтэй барилдаан дээрээ түшиглээд бэлтгэлээ эрчимжүүлээд штангтай тогтмол нөхөрлөсөн бол аваргын зиндаатай бөх байсан гэж би хувьдаа боддог.

Монгол улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ:
 Тэр хүч нийгэмлэгт цэрэгт байхдаа заал танхимын барилдаанд тогтмол барилдаж, их зуунги үзнэ дээ. ОХУ-д нисэхийн сургуульд барилдаан нь тасарч байсан боловч өвлийнхөө амралтаар ирээд заалнаас ёстой нэг сална гэж байхгүй дээ. Ямар сайндаа би заалны барилдаанд хоёрын даваанд дахин дахин таараад ирэхээрээ хурдхан сургуульдаа буцаасай гэж зүрхэндээ шар ус хуруулж байхав дээ. Мөнх-Эрдэнэ сүүлийн 5 жилд амжилт нь эрс ахиж, бэлтгэлийн өгөөж, штангийн ач тусаар бяр чадал нь нэмэгдэж, бидний эгнээнд орж ирээд байгаа хамгийн залуу отгон арслан юм. Түүнд аваргын зиндаанд хүрэх боломж бий гэж бодож явдаг даа.

Тодруулга: Бөхийн сорилго нь эртдээ засаг захиргааны хуваарлилтаар аймаг хошуудаараа, хувьсгалын жилүүдэд албан газраараа, сүүлдээ аймаг нийгэмлэгээрээ санаа сэтгэл нийлж багаа бүрдүүлэх зарчимд тулгуурлаж, том цолтой бөхчүүдээ дагах хүрээнд хамрагдах мэтээр хийж ирсэн ажгуу. Сорилго нь эхэндээ сонирхолтой хэдхэн бөхөө хамруулж байсан ч сүүлрүүгээ нэлээд эрчимжиж, хөгжүүлэх улмаар цол чимэг хүртэх, ахиулах гэх мэтээр “их сургууль” болж иржээ. Орчин үед сорилгыг тухайн үеийн нөхцөл байдлаас шалтгаалж 21 хоногийн хугацаатайгаар явуулж, эхний 7 хоногт гүйх суниах, штанг өргөх зэргээр хүчний дасгал зонхилж, хоёр дахь 7 хоногт барилдаанд нэлээд цаг зарцуулна. Өдөр бүр 20-иос доошгүй барилах нь зүйтэй, сүүлийн 7 хоногт бэлтгэлээр олж авсан хүчээ нөцлөх, хадгалах, биеэ гамнах үе л дээ. Гэхдээ уулын мод урттай богинотой гэдгийн адил сорилго тус бүр өөр өөрийн арга барил онцлогоор хийгдэнэ л дээ..