sonin.mn
Токио хотноо болж байгаа мэргэжлийн сумо бөхийн Хацү башё буюу нэгдүгээр сарын тэмцээн өндөрлөхөд гурван өдрийн барилдаан үлдсэн бөгөөд Кисэносато нэг унаатай ганцаараа башёг тэргүүлсээр байна.
 
Хацү башёг бэртэл авсаны улмаас 70 дахь Их аварга Харумафүжи Д.Бямбадорж, 71 дэх Их аварга Какүрюү М.Ананд нар барилдахгүй болсон. Энэ башёд 11 даваатай тэргүүлж яваа Кисэносато сүүлийн гурван барилдаанд өрсөлдөгчөө давбал Японы Эзэн хааны цомын эзэн болох боломжтой байгаа юм. Харин 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал, маэгашира Таканойва А.Баасандорж, Ичиножёо А.Ичинноров нар 10 даваатай түүний араас нэхэж байна.
 
 
Өнөөдөр башёг тэргүүлж байгаа Кисэносатотой барилдах байсан озэки Гоэйдо гэмтлийн улмаас башёг орхихоор болжээ. Харин Их аварга Хакүхо дараагийн башёд цол буурахаар болсон озэки Котошёогикүтэй барилдана. Тэргүүлэгчдийн хоёрдугаар эгнээнд бичигдэж байгаа Ичиноёжо А.Ичинноров Чиоёошима /6-6/, Таканойва А.Баасандорж комүсүби Такаясүтэй/9-3/ барилдахаар оноолт таарсан байна.
 
Пүрэв гарагийн барилдаанд озэки Гоэйдо Эндогоор найм давсан бол озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ найман унаатай болж дараагийн башёд озэки цолоо хамгаалж барилдана. Шинэ сэкиваке Тамаваши Б.Мөнх-Оргил өчигдөр озеки Котошёогикүг давж долоо дахь даваагаа авсан бөгөөд өнөөдөр Икиойг давбал цолоо хадгалж үлдэнэ. Хацү башёг тэргүүлэгч Кисэносато 15 дахь өдөр Хакүхо аваргатай барилдах юм. Мөн тэргүүлэгчдийн хоёрдугаар эгнээнд яваа маэгашира Такайнова, Ичиножёо нар Кисеносатотой таарах магадлалтай.
 
Монгол сумочдын амжилтыг сонирхуулахад, Макүүчи буюу дээд зиндаанд: Ёкозүна Хакүхо М.Даваажаргал 10-2, Озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 4-8, Сэкиваки Тамаваши Б.Мөнх-Оргил 7-5, Маэгашира-2 Араваши Э.Дөлгөөн 4-8, Маэгашира-6 Чиёошома Г.Мөнхсайхан 6-6, Маэгашира-10 Таканойва А.Баасандорж 10-2, Маэгашира-13 Ичиножёо А.Ичинноров 10-2 гэсэн амжилттай яваа бол Жюүрёо зиндаанд барилдаж байгаа Кёкүшюүхо Т. Эрдэнэбаатар 7 даваа, 5 унаатай, Азүмарюү С.Тодбилэг 4 даваа, 8 унаатайгаар башёг үргэлжлүүлж байна.
 
Дашрамд дуулгахад, өнөөдөр Макүшита зиндаанд Ч.Батзориг зааны хүү Асахирюү Дэнзэнсамбуу түрүүлэхийн төлөө Ишибашитай барилдана.
 
Д.Өлзий
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг