sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бөхийн чөлөөт барилдаанаар хичээллэдэг тамирчдыг мэргэжлийн түвшинд бэлтгэж, шинэ залуу тамирчдыг дэмжих зорилготой Монголын чөлөөт бөхийн үндэсний академи байгуулагджээ.
 
Тус академид манай улсын чөлөөт бөхийн нэрт тамирчид, туршлагатай дасгалжуулагчид багшлахаар болсон байна. Тухайлбал, Дэлхийн аваргын хошой мөнгөн медальт, гавьяат тамирчин О.Пүрэвбаатар, Дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальт, гавьяат тамирчин Б.Наранбаатар, “Рио-2016” олимпийн шигшээ багийн дасгалжуулагчаар ажилласан, гавьяат дасгалжуулагч Б.Баяраа, дасгалжуулагч Л.Энхбаяр нарын шилдэг дасгалжуулагчид багтжээ.
 
Тус академийн тамирчдын анхны томилолтоо авч 40 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг Буриадын Ерөнхийлөгчийн цомын тэмцээнд оролцохоор мордлоо. Мөн Хөх хотод дасгалжуулагч Л.Энхбаярын удирдлага дор хэсэг тамирчид хамтарсан бэлтгэлд хамрагдаад эхэлжээ.
 
Д.Өлзий
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг