sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын сагсанбөмбөгийн холбоо /FIBA/-той хамтран гуравдугаар сарын 11-12-нд анх удаа “сагсанбөмбөгийн 3x3” аварга шалгаруулах тэмцээнийг МҮЭСТО-ны спорт зааланд зохион байгуулна.
 
Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбоо байгуулагдан ОУСБХ-ны “Сагсанбөмбөгийн 3х3” холбоотой хамтын ажиллагаагаа сүүлийн жилүүдэд эрчимтэй өргөжүүлж байгаа юм. Монгол дахь албан ёсны тус анхны тэмцээний үеэр FIBA-гийн “3х3-сагсанбөмбөг” спортын Ази тивийг хариуцсан ахлах шүүгч ирж, Олон улсын шүүгчийн семинарыг зохион байгуулна. Энэ удаагийн тэмцээнийг ФИБА-гаас 3х3 сагсанбөмбөгт зориулсан стандартын шал, шийттэй зохион явуулахаар боллоо.
 
Дэлхий дахинд хурдацтай хөгжиж буй сагсан бөмбөгийн 3х3 төрлийн Монгол дахь анхны тэмцээнд сүүлийн үеийн шилдэг багууд өрсөлдөж, сагсан бөмбөг сонирхогчдыг баясган хөгжөөх юм. Тухайлбал, өнгөрсөн онд сагсанбөмбөгийн 3х3 төрөлд монголчуудаа баярлуулсан Азийн элсний наадмын мөнгөн медальт баг, Дэлхийн оюутны АТАШТ-ий мөнгөн медальт баг болон БНАСАУ-ын Үндэсний шигшээ багийн тоглогчид, АНУ-ын Легионеруудын 3х3 баг, мөн ирэх сард болох Азийн оюутны АШТ-д оролцох хоёр баг, Спрайт 3х3 тэмцээний 3 удаагийн аварга баг, Үндэсний лигийн 3х3 баг гэсэн шилдэг 8 багийн халз тоглолт болно. Энэ тэмцээнд оролцогчид нь FIBA-гийн 3x3 сагсанбөмбөгийн дэлхийн чансаа/ранк/-ны оноог цуглуулах боломж ч байгаа юм.
 
Д.Өлзий
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг