sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын гавьяат тамирчин Д.Цэрэнхандын нэрэмжит 50 сая төгрөгийн шагналын сантай шилдэг жүдочдын халз барилдаанд эрэгтэй найм, эмэгтэй зургаан жүдоч хүч, ур чадвараа сорихоор болжээ.
 
Жүдочдын халз барилдаан гуравдугаар сарын 16-нд “АСА” циркт болох бөгөөд тус тэмцээний тасалбар 10 мянган төгрөг байгаа юм. Олон улсын хэмжээний мастеруудын холимог багийн халз тулаанд Хөдөлмөрийн баатар, олимпийн аварга Н.Түвшинбаяр, Хөдөлмөрийн баатар, олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга Х.Цагаанбаатар, гавьяат тамирчин, олимпийн мөнгөн медальт, дэлхийн аваргын хүрэл медальт Д.Сумъяа, дэлхийн аварга М.Уранцэцэг, Г.Болдбаатар нарын дэлхийн шилдэг жүдочид өрсөлдөнө. Мөн Рио-2016 олимпийн хүрэл медальт Г.Отгонцэцэг урилгаар барилдах юм.
 
Халз барилдааны оноолтыг сонирхуулахад: Эрэгтэйчүүдийн 60 кг-д Д.Амартүвшин - Ж.Амарболд, 66 кг-д Г.Болдбаатар - Д.Төмөрхүлэг, 81 кг-д Х.Цагаанбаатар - О.Ууганбаатар, +100 кг  Н.Түвшинбаяр - Ө.Дүүрэнбаяр нар халз барилдах бол эмэгтэй жүдочдоос 48 кг-д М.Уранцэцэг - Г.Отгонцэцэг, 57 кг-д Д.Сумъяа - Л.Энхрийлэн, 63 кг-д Ц.Мөнхзаяа - Б.Ганхайч нар халз тулан хүч, ур чадвараа сорино.
 
Халз барилдаан Г.Болдбаатар, Д.Төмөрхүлэг нарын өрсөлдөөнөөр эхэлж М.Уранцэцэг, Г.Отгонцэцэг нар барилдаанаар өндөрлөнө.
 
Д.Өлзий
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг