sonin.mn
Шатрын насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээний шигшээ тэмцээн 35 жилийн дараа орон нутагт буюу  Эзэн Богд Чингис хааны өлгий нутаг Хэнтий аймгийн Дадал суманд болно.
 
Шатрын УАШТ-ийг 1982 онд Говь-Алтай аймгийн Бигэр суманд зохион байгуулж байжээ. 2017 оны УАШТ гуравдугаар сарын 17-26-нд болох тус тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар Монголын шатрын холбоо, Хэнтийн аймгийн нутгийн зөвлөл, хамтран зохион байгуулагчаар БОАЖЯ, Хэнтий аймгийн ЗДТГ хамтран ажиллаж байна. Мөн оюуны спортыг дэмжигчээр “Магнай Трейд” групп, Төрийн банк ажиллаж байгаа юм.
 
УАШТ-ий шигшээ тоглолтод хагас шигшээ тоглолтоос шалгарсан эрэгтэй, эмэгтэй шилдэг 10 шатарчин болон 2016 оны аваргууд болох эмэгтэйчүүдийн ОУИМ, гавьяат тамирчин Т.Батчимэг, ОУМ С.Мөнхгал нар өрсөлдөнө.
 
Эрэгтэйчүүдийн ангилалд Ц.Батчулуун, У.Насанжаргал, Б.Ариунбүүвэй, Д.Батсүрэн, Р.Амгаланбаатар, Г.Амартүвшин, С.Билгүүн, С.Ган-Эрдэнэ, Б.Галмандах, Ц.Алтанбаяр, Энхнар нар шалгарч үлдсэн бол эмэгтэйчүүдээс О.Өлзийхишиг, Б.Амина, улсын хошой аварга Д.Янжиндулам, Б.Ану, Э.Хулан, У.Лхамсүрэн, Ү.Үүрийнтуяа, Т.Мөнхзул, Б.Анхчимэг, Г.Баярмаа, Т.Номиндалай нар шигшээд өрсөлдөх юм.
 
Дашрамд сонирхуулахад, 2017 оны УАШТ-ий шигшээ тогтолтод шалгарсан тамирчдын дундаж нас 22.7 байна. Энэ удаа 2001 онд ОУМ Г.Мөнхгал 12 нас 6 сартайдаа шигшээ шатанд шалгарсан дээд амжилтыг ОУШХМ Г.Амартүвшин 12 нас 1 сар хүрээгүй байхдаа оролцож байгаа амжилтаараа шинэчлэв. Мөн энэ удаагийн тэмцээнд оролцогчдын тал нь буюу зургаан тамирчин анх удаагаа оролцож байна. Улсын аварга Ц.Батчулуун хамгийн олон буюу 16 удаа оролцож байгаа юм. Эрчүүдийн хувьд шатрын нэгэн үе шинээр гарч ирсэн бол эмэгтэйчүүдээс өсвөрийн шилдэг тамирчин олноор төрөөд байна.
 
Д.Өлзий  
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг