sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын Буриад улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит чөлөөт бөхийн олон улсын XXII тэмцээн гуравдугаар сарын 11-12-нд Улаан-Үд хотод болж, манай бөхчүүд нэг мөнгө, 6 хүрэл медаль хүртлээ.
 
 Энэ удаагийн  Ерөнхийлөгчийн цомын тэмцээний эрэгтэйчүүдийн 86 кг-д Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, Цэргийн дэлхийн аварга, “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ О.Үйтүмэн мөнгөн медаль хүртэв. Харин тэмцээний 70 кг-д МУГТ Г.Мандахнаран, 65 кг-д Азийн АШТ-ий хошой хүрэл медальт, “Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ Б.Батмагнай, 57 кг-д залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт, Азийн аварга, “Арслан” клубын тамирчин, ОУХМ З.Занабазар, 86 кг-д Б.Өлзийсайхан,  97 кг-д “Женко” клубын тамирчин  М.Билгүүтэй, “Ганьт” клубын тамирчин, ОУХМ Л.Төртогтох нар тус тус хүрэл медаль хүртлээ.
 
Тэмцээнд Хятад, БНСУ, Япон, Украин, Тажикстан, ОХУ, Монголын 120 орчим тамирчин оролцоход Монголчууд 55 тамирчинтай буюу хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй оролцсон боловч алтан медаль хүртэж чадсангүй.  Манай улсын чөлөөт бөхийн эрэгтэй баг тамирчид 2013 оноос хойш Буриадын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэмцээнээс аваргын алтан медалийг тасралтгүй хүртэж байсан юм.
 
Д.Өлзий
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг