sonin.mn
МОСКВА. /TASS/. Испанийн “Барселона” багийн тоглогч, ЮНИСЕФ-ийн сайн санааны элч Лионель Месси Сирийн хүүхдүүдийг өрөвдөн хайрлаж байгаагаа илэрхийлээд, Сирид болж буй иргэний дайныг зогсоохыг уриаллаа. Энэ тухайгаа тэрбээр Facebook хуудсандаа бичжээ.
 
“Дайны нэг өдөр гэдэг бол дэндүү урт хугацаа, гэтэл Сирийн хүүхдүүд зургаан жилийн турш хүчирхийллийн золиос болсоор байна. Эцэг хүний хувьд, ЮНИСЕФ-ийн элчийн хувьд миний сэтгэл зүрх шимширч байна. Ийм учраас дайныг зогсоохыг шаардаж хүн бүр  ЮНИСЕФ-тэй дуу хоолойгоо нэгтгээрэй” гэж Месси уриалжээ.
Месси бол хүүхдэд туслах буяны санг үндэслэгч бөгөөд тэрбээр 2010 оноос хойш ЮНИСЕФ-ийн сайн санааны элчээр ажиллаж байгаа юм.
 
Мессигээс гадна “Сирийн хүүхдүүдийг аварцгаая” аянд Португалын алдарт хөлбөмбөгчин Криштиану Роналду нэгджээ. Тэрбээр Instagram хуудсандаа Омар гэдэг сири хүүгийн хамт авахуулсан гэрэл зургаа тавиад “үсчин болохыг мөрөөддөг Омартай адил Сирийн олон хүүхдүүдийн талаар би өнөөдөр бодож байна” гэж бичсэн байна.
 
О.Барс
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг