sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай нийслэлд энэ сарын 29-30-нд болох “Мongolia open-2017” чөлөөт бөхийн олон улсын тэмцээнд оролцох Венесуэлийн баг тамирчид МЧБХ-нд мэдүүлгээ ирүүлжээ. 
 
Тус багийн тамирчдыг танилцуулахад, Дубраика Родригес, Ривас Гонзалес Агуис, Натали Гриман, Мариа Агоста, Солейми Крабалло, Педро Межиас, Вильфредо Родригес, Кристиан Сарко, Педро Себаллос, Хосе Диас Роберти, Луис Оливерес гэсэн 11 тамирчин Улаанбаатарт хүчээ сорихоор болжээ.
 
Тэдний дотор “Рио-2016” олимпийн наадамд зодоглосон Пан Америкийн наадмын хошой хүрэл, өнгөрсөн жилийн Пан Америкийн аварга Хосе Роберто Диас, Пан Америкийн наадмын мөнгө, Пан Америкийн АШТ-ий хүрэл медальт Мариа Агоста нарын тэргүүтэй шилдэг бөхчүүд багтсан байна. Туршлагатай бөх Хосе Диас нь  өнгөрсөн оны Парисын Гран при-д Ази тивийн аварга ОУХМ Д.Хүдэрбулгыг ялж, түрүүлж байсан юм.
 
Тус улсын багийн ахлагчаар Уинстон Сантос, шүүгчээр Карлос Пинто Гарсия, дасгалжуулагчаар Эктор Камачо, Анри Колменарес, эмчээр Луис Мачадо нар ажиллах юм.
 
Д.Өлзий
Эх сурвалж :Монцамэ агентлаг