sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөлбөмбөгийн холбооны “Супер цом”-ын тоглолт өчигдөр “Эрчим”, “Хангарьд” клубын хооронд өрнөж, “Эрчим” багийн ялалтаар өндөрлөв.
 
Хамгийн нэр хүндтэй тэмцээнүүдэд түрүүлсэн багууд өрсөлддөг энэ тоглолт эхлэхийн өмнө “Эрчим”-ийн легионер Ишино Шута /Япон/ 2016 оны “Алтан бөмбөг” ёслолоор тодруулсан “Бэлэгдлийн 11”-т багтсан шагналаа гардан авлаа.
“Эрчим” багийн гурван аюултай цохилтыг “Хангарьд”-ын хаалгач Б.Сэр-Од амжилттай хамгаалсан ч нэг нь булангийн цохилт болов. Булангийн цохилтоос ирсэн бөмбөгийг Б.Даваажав мөргөж, тооны харьцааг 1:0 болгосон юм. Б.Даваажав 63 дахь минутад хүчтэй цохилт хийж тоог 2:0 болж улмаар Ишино Шута өрсөлдөгчийнхөө хаалганд гурав дахь гоолыг хийлээ.
 
 
“Хангарьд” клубээс Ц.Мөнх-Эрдэнэ 69 дэх минутад торгуулийн цохилтоос тоог 3:1 болгосон ч энэ нь нэр төрийн гоол болж хувирсан юм. Тухайлбал, үндэсний лигийн аварга “Эрчим” клубын М.Төгөлдөр 82, Г.Батдэлгэрэх нэмэлт цагийн 3 дахь минутад гоол оруулснаар баг нь 5:1-ээр хожлоо.
“Эрчим” клуб 2011 оноос эхлэн зохиож байгаа “Супер цом”-ыг зургаа дахь жилдээ дараалан авсан амжилтын эзэд болов.
 
Д.Өлзий
Эх сурвалж : Монцамэ агентлаг